“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын санаачилгаар цуглуулсан 330 мянган юанийг гардуулж байна

Монгол Улс дахь БНХАУ-ын элчин сайдын яамны байранд 333.000 юаны хандив гардуулах арга хэмжээ болж байна.Хандивыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын санаачилгаар БНХАУ-д “COVID 19” вирусийн өвчлөлийн голомтод ажиллаж буй цэргийн эмч, эмнэлгийн ажилчдад зориулж “МЦНХ” ТББ, Батлан хамгаалахын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид хамтран төвлөрүүлжээ. 

Ерөнхий сайдын зөвлөх, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Тогоо "БНХАУ-ын 6000 орчим цэргийн эмч нар 24 цагаар аюулын эрсдэлтэй тулгарч ажиллаж байна. Аль ч орны цэргийн алба хаагчид эх орныхоо төлөө, тушаалаар ажилладаг хүмүүс. Тиймээс цэргийн эмч, сувилагч нарт дэмжлэг үзүүлэхээр хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан. Цэргийн алба хаагчид захидал бичсэн. Бидний хандив нэг ч болов хүний амь насыг аврахад дэм болоосой гэж хүсэж байна. Та бүхэн бол дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа халдварын эсрэг тэмцэж буй баатрууд шүү гэдгийг хэлмээр байна" гэв. 

Байгууллагуудын төлөөлөл илгээлт бичгээ уншиж танилцуулсан юм. 

Үүний дараа БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй "Цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулж, БНХАУ-д цэргийн болон цэргийн эмнэлгийн сургуульд сурсан мэргэжилтнүүд нэгдэн сэтгэлийн дэм, бодит тусламж үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр БНХАУ-ын ард иргэдийг зовох цагт Монголын ард түмэн, тэдний аюулгүй байдлын баталгаа болсон цэргийн бие бүрэлдэхүүнээс БНХАУ-ын ард түмэн, цэргийн бүрэлдэхүүнд ямар их сэтгэлийн дэм үзүүлж, гар сунгаж байгаад баярлаж байна. Энэ нь манай хоёр орны найрсаг харилцаа ялангуяа хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд гарч байгааг харуулж байна. Энэ тусламжийг манай Элчин сайдын яам нэн даруй хүргэх болно. Монголын ард түмэнд чин сэтгэлийн угаас талархал илэрхийлж байна. Цаашид БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, хоёр орны цэргийн арми хамтран ажиллаж COVID19-тэй тэмцэх тэмцэлд мөр зэрэгцэн хамтран ажиллаж, энэ вирусийг Монгол Улс руу тархаахгүйн төлөө ажиллах болно. Манай Элчин сайдын яамны хамт олон Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудтай хамтран ажиллах болно. Чин сэтгэлийн талархлаа дахин дахин илэрхийлж байна" гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин