Шуурхай: БНХАУ-аас ирэх, явах нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлаж , хилээ хаалаа

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаанаар БНХАУ-аас ирэх болон тус улс руу явах бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох талаар хэлэлцлээ.Ингэснээр БНХАУ-аас аль ч улсын иргэн Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байгаа ба монгол иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр нэвтрүүлэхгүй аж. Хэрэв зайлшгүй тохиолдолд Монгол Улсын иргэдийг авч ирэх шаардлага гарвал тусгай баг явуулж, ганц нэгээр бус бөөнөөр нь авахаар төлөвлөжээ. Ингэхдээ тээврийн зардлыг тухайн иргэд гаргахаар зохицуулалт хийхээр болсон байна.

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Маргаашаас /2020.02.14/ эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн: Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. Хоёрдугаар сарын 1-ээс хойш БНХАУ-ын иргэн болон тус улсаар дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНХАУ-д байгаа монголчуудаа татан авсан. Ойролцоогоор 6000 иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Онгоц нисэх асуудлыг Засгийн газар цаашид шийднэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна.

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж байгаа тул цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоохыг уриалж байна. Хуурамч мэдээ мэдээллийг хэвлэлийн байгууллагууд гаргахгүй байх, баталгаат эх сурвалжийн мэдээллийг түгээх. Хоёр сая гаруй хүнд хүрэх 1000 гаруй сошиал хуудсын админууд хуурамч мэдээллийг түгээхгүй байх чиглэлд хамтран ажиллахаар болсон. Өнөөдрийн 16.00 цагаас эхлэн цагаан сартай холбоотой зар сурталчилгаа, шторк бүрэн зогсоох ёстой.

Үүнээс гадна, урд хөршийн хилийг хаах, цагаан сарын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, Нисэх онгоцны тийз буцаах тохиолдолд тодорхой хэмжээний хувь авдаг байсныг болиулах асуудлыг тус тус хэлэлцэж байна. Хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин