Оросын иргэдийн Путинд итгэх нь буурчээ
Оросын иргэдийн 35 орчим хувь нь одоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байна. Энэ нь 2019 оны есдүгээр сарынхаас дөрвөн пунктээр доогуур юм. Нэгдүгээр сард төрийн бус судалгааны “Левада-төв”-өөс явуулсан санал асуулга ийм дүнтэй гарчээ.
Тэтгэврийн шинэтгэл хийхээс өмнө 2017 оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгчид итгэх итгэл 59% байсан бөгөөд өөрөөр хэлвэл хоёр жилд рейтинг 24 пунктээр буюу бараг хоёр дахин буурсан байна.
Харин 2019 оны есдүгээр сараас оросын иргэд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу (13-аас 19% хүртэл), Гадаад хэргийн сайд Сергей Лавров (14-өөс 17% хүртэл) нарт илүүтэй итгэх болжээ.
Ерөнхий сайд асан Дмитрий Медведевт итгэх итгэл 9%-иас 5% болж буурсан байна. Санал асуулгад хамрагдагсдын 3% нь шинэ ерөнхий сайд Михаил Мишустинд итгэж байгаа ажээ.
Санал асуулгын явцад түүнд оролцогчдод хариултын хувилбаруудыг санал болгоогүй бөгөөд харин тэд өөрсдөө итгэл хүлээлгэж буй улс төрийн зүтгэлтнүүдийг хэлэх боломжтой байсан нь сонин юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ