Хятадад очиж байгаагүй Британийн нэг иргэн дор хаяж өөр 11 хүнд коронавирус хэрхэн халдааж дөнгөж вэ?
Хятадад очиж байгаагүй Британийн нэг иргэн дор хаяж өөр 11 хүнд коронавирус хэрхэн халдааж дөнгөж вэ? AsiaOne сайтад бичсэнээр, энэ нь уг аюулт вирус өнөөгийн глобалчлагдсан дэлхийд хэрхэн түргэн зуур, амархан тарж болдогийг харуулж байна.
Хэн гэдгийг нь хэлэхгүй байгаа тэр британи хүн Сингапурт болсон бага хурлын үеэр вирусийн халдвар авч, дараа нь Их Британид оношлогдохоосоо өмнө францын Альпын нуруунд амарч байхдаа, эх орон нэгт хэд хэдэн хүнд халдвар тараажээ.
Тэр эрэгтэй нэгдүгээр сарын 20-22-нд Сингапурт бизнес-бага хуралд оролцсон байна. Уг бага хуралд зуу гаруй хүн, түүний дотор дэгдэлтийн голомт болж байгаа Хятадын Хубэй мужийн наад зах нь нэг иргэн оролцжээ.
Дараа нь тэр эр бусад хэсэг британи иргэний хамт Альпын нурууны Ле Контамин-Монжуа уулын цанын баазад нэгдүгээр сарын 24-нөөс 28-нд амрахаар Францад очсон байна.Тэд цөмөөрөө нэг байранд буужээ.
Английн өмнөд нутагт буцаж ирснийхээ дараа тэр их халуурч эхлэсэн бөгөөд Брайтоны эмнэлгийн төвд очоод, коронавирусийн халдвар авсанаа мэдсэн байна. Хоёрдугаар сарын 6-нд түүнийг Лондон хотын Гэгээн Томасын эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлжээ.
Түүнээс халдвар авсан таван хүн Францад, бас таван хүн Британид, өөр нэг хүн Испанийн Майорка аралд эмнэлэгт хэвтсэн байна.
Эмнэлэгт хэвтэхээсээ өмнөхөн тэр эрийн орсон “The Grenadier” гэдэг пабын ажилтнуудыг бас тусгаарлажээ. Албан ёсны бус мэдээгээр, тэдний нэгнээс коронавирус бас илэрсэн байна.
AsiaOne сайтаас явуулсан санал асуулгад оролцсон шинжээчдийн хэлснээр, британи эрээс коронавирусийн тарсан хурд нь уг өвчин хэрхэн дэлхий нийтийн шинжтэй цар дэгдэлт болж болохыг харуулж байгаа ажээ.
Хятадын эрх баригчдын өнөөдөр мэдээлсэнээр, БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужид шинэ төрлийн COVID-19 коронавирус дэгдсэний улмаас өвчилсөн хүний тоо 48,2 мянгаас давж, тэднээс 1310 нь нас барж, 3441 хүн эдгэрээд байна.
Одоо нас баралтын албан ёсны түвшин 2,7 хувь байгаа бөгөөд нэг өдрийн өмнө 3,2 хувь байжээ. Өмнө нь 33,3 мянга гаруй хүн өвчилж, 1068 хүн нас барж, 2639 хүн эдгэрснийг эндхийн эрх баригчид мэдээлж байсан юм. Шинэ аргаар оношлогдсон хүмүүс тэдний тоонд орсон юм гэж халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсэний дараа Хубэй мужийн эрх баригчид мэдэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нөхцөл байдал олон улсын цараатай онцгой шинжтэй болсныг хүлээн зөвшөөрөөд, олон голомт бүхий дэгдэлт гэж тодорхойлсоныг хэвлэлд мэдээлж байна.
Сүүлчийн мэдээгээр, БНХАУ-аас гадна уг өвчин 24 оронд бүртгэгдээд байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ