БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон ирсэнд олзуурхаж байгаагаа илэрхийлж, баяр хүргэлээ.
Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний халуун мэндчилгээг уламжлаад, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тулгуурлан харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг нээлттэй, илэн далангүй хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Элчин сайдын хувиар онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
Уулзалтын үеэр талууд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан шинэ коронавирус (Covid-19)-ийн халдварын тархалт, өвчлөлтэй холбогдуулан санал солилцлоо. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улс шийдвэртэй арга хэмжээ авч, хэрэгжүүлж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлоод, БНХАУ-ын ард түмэн халдварын тархалтыг бууруулж, даван гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ