Ж.Батзандан: МАНАН бүлэглэл хорссондоо намайг айлгах, сүрдүүлэх ажлыг хийж байна
Нийгмийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн аудио бичлэг цацагдаж, намын санхүүжилтээ босгохын тулд БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ асуудалтай холбоотойгоор "ШИНЭ" намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-"Төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад зорчихыг хязгаарлах тухай хуулийг өргөн барьсан. Мөн бид шударга ёсны эвслийг байгуулж байна. МАНАН дагжин чичирч байна. Тиймээс ийм эвлүүлсэн бичлэгийг цацлаа. Эвлүүлэг гэдгийг хоёр зүйлээр баталъя. Бид гурван жилийн өмнө нэгнийгээ таньдаггүй байсан. Хоёрдугаарт хүмүүсийн нэрэн дээр тоглолт хийж байна. Ж.Батзандангийн зөвлөх залууг Амарсайхан гэдэг тэгэхээр Газрын тосны газрын дарга асан Амарсайхан ч юм шиг, эсвэл хотын дарга ч юм шиг төөрөгдүүлэхээд байна. Гурван жилийн өмнө УИХ-ын гишүүд, 1000 гаруй компанийн төлөөлөл Өвөрмонгол уруу явсан. Баримт нь бий. Тэр үеэр болсон бичлэгийг өнөөдөр болж буй мэтээр холбож, 3-4 жилийн тагнаж чагнасан бичлэгээ ийнхүү эвлүүлэн ичгүүр сонжуургүй, бөөлжис цутгам гүжирдэж байна.
Гэхдээ үүнээс болж бид ухрахгүй буцахгүй, бид буруу юм хийсэн юм шиг уучлалт гуйхгүй. Бид та нарыг ялах болно, бид түүхийн тавцанд буруутай зүйлийн чинь төлөө цаазын тавцанд аваачих болно” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-“Л.Раднаасүрэн даргатай уулзсан, Амарсайхан гэж Засаг даргыг уулзсан мэтээр яриад байна. Би Нийслэлийн Засаг даргатай нэг ч удаа хоол идэж байгаагүй. Л.Раднаасүрэн гурван жилийн өмнө ажлаа өгсөн бичиг нь энэ байна. 3-4 жилийн өмнөх үйл явдал учраас энэ үеэс намайг чагнаж тагнасан байна.
МАНАН бүлэглэл, мафийг би олон удаа гомдоосон. Тэд хорсохдоо намайг айлгах, сүрдүүлэх, нэр хүндийг нь унагах ажлыг хийж байна. Монголоо би үргэлж баярлуулах болно. МАНАН тогтолцооны эсрэг мянга мянган шударга иргэд нэгдэж байна.
2017 онд Я.Санжмятав, Д.Мурат, Ж.Батзандан гурав Өвөрмонгол уруу ажлаар явсан. Хоёр орны компаниудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хуралд оролцсон. Энэ үеэрх бичлэгийг гаргаж ирсэн. ШИНЭ нам, Ж.Батзандангийн нэр хүндийг унагах гэж оролдож байна.
Эрдэнэт үйлдвэр, Асгатын мөнгөний орд, Багануурын уурхайг МАНАН бүлэглэлд өгснөөс би үхсэн нь дээр гэж боддог” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ