Эрх баригчидаа цагаан сарыг бүрэн хориглох шийдвэрээ нэн даруй гаргаж өгнө үү


Улсын онцгой комиссын хуралдаанаас цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан ч энэ нь албан ёсоор одоо хүртэл эцэслэн баталгаажаагүй байна. Эцэслэн гэдгийн шалтгаан нь улс даяар өргөн хүрээнд тэмдэглэхгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн нь хоёрдмол утгатай бөгөөд иргэдийн сэтгэлийг хоёрдуулсан шийдвэр боллоо.

Хятад Улс  цагаан сарыг хориглоогүйгээс корона вирусын халдварын  тархалтыг нэмэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна. Эрүүл мэндийн сайд Н.Сарангэрэл анх  цагаан сарыг энэ удаа хориглох тухай санаачилга гаргаснаар Улсын онцгой комиссоос шийдвэр гаргасан.

Аюулт өвчнөөс ард түмэн, амь насаа аврах гэж байгаа тохиолдолд цагаан сарыг нэг удаа хориглох нь ёс заншлаа умартах, ахас ихсээ хүндлэхээ мартах гэсэн ойлголт бус юм. Иймд эрх баригчид маань шийдвэрээ нэгмөсөн баталгаажуулж, хоёрдмол утгатай бус шууд хориглох шийдвэрээ  гаргах цаг хэдийнэ болжээ.

Шийдвэр ёсчлогдоогүйгээс гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн утгаар иргэд цагаан сарын бэлтгэлээ базаасан хэвээр байна.

Дэлхий нийтийг цочирдуулж, онцгой байдал зарлачихсан энэ үед цагаан сар хийнэ гэж хөөрцөглөх нь хэтийдсэн санаа юм. Тэнэгийн дотор уужуу гэж үг байдаг даа.

Эрүүл энх байвал хэдэн ч цагаан сарыг үзнэ шүү дээ.

Төр засгаас шийдвэрээ албан ёсоор баталгаажуулчихвал даруйхан авах хэд хэдэн арга хэмжээ байна.  Үүнд: телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа цагаан сарыг тэмдэглэхтэй холбогдсон зар сурталчилгаануудыг хориглох хэрэгтэй байна.

Хориглох шийдвэр гараагүйгээс телевизийн зар сурталчилгааны дийлэнх хувийг эзэлж байгаа, цагаан сарын хувцас хэрэгсэл, хүнс, идэш ууш, бэлэгний рекламыг харсан хүмүүсийн сэтгэл  санаа сурталчилгаанд автаад бүрэн цэгцрэхгүй байна.

Эрүүл энх эсэн мэнд явбал бизнес, наймаа арилжааг хийж ашиг орлого олох боломжтой. Иймд манай бизнес эрхлэгчид ч гэсэн эрүүл оюун сэтгэхүйгээр энэ бүхэнд хандмаар байгаа юм. Цагаан сарын бараа гүйдэггүй, орлогогүй боллоо гэж  шогширч суухын оронд аюулт өвчин битгий биднийг нөмрөөсэй гэж бодох сэтгэхүйтэй баймаар байна.

Мөн олон нийтиийн газрууд зах, худалдааны төвүүдэд гарч байгаа цагаан сарын үзэсгэлэн худалдааг албан ёсоор хорьчихвол ард иргэдийн сэтгэхүй мөн баярын уур амьсгал гэж хошуурахгүй болно.

Хажуугийн Эрээн хотод нэгдүгээр зэргийн онц байдал зарлаад, дэлхий нийтээр хөл хорио тогтоох шатандаа орчихоод байхад манай эрх баригчид цагаан сарын тэмдэглэх асуудлыг бүрэн шийдэж эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болжээ.

Монголчууд туйлшрамтгай, хэнэггүй нь дэндсэн ард түмэн. Иймээс цагаан сараар золгуут гэж явж байгаад энэхүү өвчинг оруулаад ирэхгүй гэх баталгаа байхгүй.

Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн яам маш сайн ажиллаж, хяналтыг бүрэн барьж байгаа. Тиймээс ч тархац өндөр байсан ханиад, томууг бууруулж, олон нийтийн эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллаад байгаа. Цагаан сараар энэ эрчээ алдчих л юм бол бид  корона вирус гэгч аюулт өвчинийг дийлж чадахгүй, хяналтнаас гарна гэсэн үг. Адаглаад ханиад, томуу нь ахиад дэгдчихнэ.

Цагаан сар хэвийн тэмдэглэдэг үед даралт, зүрх судас, ханиад томуу, хоолны хордлогын дуудлага эмнэлгийн хүлээн авахы ачааллыг нэмдэг биз дээ. Тэгвэл ийм онцгой цагт ямар ачаалал ирэх нь бүр тодорхой.  Хятад шиг том гүрэн аюулт өвчинтэй тэмцэж ядаж байхад манайх шиг улсын хувьд ямар байх билээ дээ.

Иймд эрх баригчидаа, төрийн тэргүүнээ цагаан сарыг бүрэн хориглох шийдвэрээ нэн даруй гаргаж өгнө үү. Энэ бол ёс заншлаа умартсан асуудал биш, харин ард түмэн, эх орныхоо төлөө гаргаж байгаа Та бүхний мэргэн шийдвэр байх болноо

Эрүүл байвал олон цагаан сартай золгоноо.

Б.Сувд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин