Дэлхийн хямралын шинэ шинж тэмдэг

      2019 онд дэлхий нийтийн хэмжээнд агаарын ачаа тээвэр 2018 оныхоос 3,3 хувиар буурчээ. Энэхүү зах зээл 2012 оноос хойш анх удаа унаж байх үед ч бууралт 9,7 хувьтай байжээ. Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) мэдээнд ийм тоо баримтыг дурдсан байна.

Энэ динамикийг шинэ хямралын шинж хэмээн  нэрлэж байна. Энэ нь дэлхийн худалдаа саарч, улс орнуудад боловсруулах аж үйлдвэр бүхий дотоодын нийт бүтээгдэхүүний асуудал үүсч,  ажил хэрэгч бүлгийнхэний зүгээс итгэх итгэл буурч байгааг гэрчилж байна.

Арванхоёрдугаар сард бууралт оны үзүүлэлтээр 2,7 хувь байжээ. Латин Америкийн орнуудад  хасах 5,3 хувь, Ази-Номхон далайн бүс нутагт хасах 3,5 хувь, Ойрхи Дорнод болон Хойд Америкт хасах 3,4 хувь байсан зэргээр асуудал ноцтой болсон байна. Үнэндээ энэ үзүүүлэлт зөвхөн Африкт л 10,3 хувиар өсчээ. 

Үүний зэрэгцээ олон улсын зорчигч тээврийн хэмжээ ч буурч, тухайлбал арванхоёрдугаар сард 3,9 хувь,  нийт 2019 оны туршид 3,3 хувиар буурсан байна. 

Худалдааны харилцааны түгшүүртэй байдал даамжирсан нь 2019 оны асуудлын гол шалтгаан болсныг IATA-гийн ерөнхий захирал Александр де Жуньяк тэмдэглэжээ.  Гэвч АНУ, Хятадын худалдааны хэлцлийн эхний хэсэгт гарын үсэг зурсан ч  байдал дээрдэх баталгаа болохгүй байна. Хятадад коронавирус дэгдсэн нь таамаглалыг улам ч ээдрээтэй болгож байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт уг вирус нөлөөлөх эсэх тухай ярих нь одоогоор эрт байна. 

Дэлхийн эдийн засаг коронавирусээс болж урт хугацааны асуудалтай тулгарна гэж шинжээчид өмнө нь таамаглаж байсан юм.  Аж үйлдвэрийн металлын үнийн индекс буурч байгаа нь үүнийг харуулж байна. Нэгдүгээр сарын сүүлчээр индекс 2017 оны зургаадугаар сараас хойш хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн бөгөөд харин АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөний хамгийн хурц үед ч индекс ингэж доод хэмжээнд хүртэл унаж байгаагүй юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ