Хятад улсад хамгийн сүүлийн мэдээгээр коронавирусээр 56 хүн амь насаа алдаад байна

Хятадын эрүүл мэндийн үндэсний комиссын тэргүүн Ма Сяовэй титэм вирусийн дэгдэлтийн тухай шинэ мэдээг зарлаж, сүүлчийн мэдээгээр,  уг өвчнөөр 56 хүн нас бараад байна. Ройтерс агентлаг энэ тухай уламжилжээ.

Түүний хэлснээр,  халдвар авсанаас хойш өвчний далд үе нэг өдрөөс хоёр долоо хоног хүртэл үргэлжилж болдог байна.  Мөн вирусийн халдвар авах эрсдэл хүний наснаас хамааралтай байж болохыг бас илрүүлжээ. 

Вирус тархах хурдац их байгаа бөгөөд хүнээс хүнд халдах магадлал ихэссэн учир, халдвар авагсдын тоо ойрын үед нэмэгдэнэ гэдгийг тэр сэрэмжлүүлсэн байна. БНХАУ-ын дарга Ши Зиньпин ч түрүүнд нь ингэж хэлж байсан юм. 

Хятадын эрх баригчид одоо болтол шинэ вирусийн тухай бага мэдээлэлтэй  байгаагаас гадна,  түүний мутаци аль хэр аюултай байж болох тухай тодорхой төсөөлөлгүй  байгааг Ма Сяовэй хүлээн зөвшөөрчээ. Халдварын гарал үүслийн эх сурвалжийг хараахан тогтоож чадаагүй байгаа бөгөөд вирус нь зэрлэг амьтадтай холбоотой байж болох юм гэж судлаачид таамаглах төдий байна гэж тэр хэлжээ.

Сүүлчийн мэдээгээр, Хятадад шинэ титэм вирусийн хатгалгаа өвчнөөр 56 хүн амь насаа алдаж, 1500 хүн халдвар аваад байна.

Хятадын энэ аюултай вирусийн бүх шинж тэмдэг тодорхой болжээ. Халуурах, ханиалгах зэрэг нийтлэг шинж тэмдэг нь  өвчлөгсдийн цорын ганц нэг шинж тэмдэг биш гэнэ.  Телевизийн NHK суваг хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мэдээг иш татахдаа  ингэж мэдээлсэн байна.  Титэм  вирусийн халдвар авч, Ухань хотын эмнэлэгт хэвтсэн олон өвчтөн  суулгаж, дотор муухайрч, толгой өвдөж, ядарч, түүнчилэн хоол боловсруулах болон мэдрэлийн системийн асуудал илэрч  байжээ. Эмч нар хүмүүсийг сонор сэрэмжтэй байж, өвчин туссан байж болох сэжиг төрвөл  эмнэлэгт хандахыг уриалж байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ