БНХАУ-ын дарга Ши Зиньпин “Бид ноцтой байдалтай тулгарлаа, учир нь шинэ титэм вирус хурдан тархаж байна”
Хятадад 2019-nCoV титэм вирусийн тархах хурдац түргэссэн байна. БНХАУ-ын дарга Ши Зиньпин нэгдүгээр сарын 25-ны бямба гарагт ингэж мэдэгдсэнийг хятадын албан ёсны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.
“Бид ноцтой байдалтай тулгарлаа, учир нь шинэ титэм вирус хурдан тархаж байна” гэж хятадын удирдагч мэдэгджээ. Тэр энэ асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцохыг ХКН-ын Төв Хороонд бас уриалсан байна.
Нэгдүгээр сарын 25-ны орой гэхэд уг вирусээр 41 хүн нас бараад байжээ. Тус орны нутагт аюултай халдвар авсан нийт 1355 тохиолдол албан ёсоор нотлогдсон байна. Хүн амыг хамгаалах эрх баригчдын арга хэмжээ тус орны нэг тэрбум гаруй хүнийг хөндөж байгааг мэдээлж байна. Хүмүүсийн эрүүл мэндэд аюул учирч байгаагаас 22 муж болон хотуудад аюулгүй байдлыг хангах хамгийн өндөр түвшин тогтоожээ.
Эмнэлгийн ажилтнууд дээд зэргээр сэрэмжлэх арга хэмжээ авч, өдөр, шөнөгүй ажиллаж байна. Юу гэвэл, өвчтөнтэй харьцаж байсан нэг эмч уушигны хатгалгаагаар нас баржээ. Бас гурван эмч халдвар авсан мэдээ байна.
“Эхлээд гараа ариутгаж, дараа нь л амны хаалтаа авах хэрэгтэй. Дараа нь хамгаалалтын өмсгөлөө дээрээс нь доош, дэс дараатай тайлж, гараа дахин угаана. Ингэсний дараа л гутал, малгайгаа тайлж болно. Мөн сүүлд нь гараа ариутгана” гэж нэг сувилагч ярьжээ.
“Боломжтой бүгдийг хийж байна” гэдэг нь одоо Хятадад болж буй явдлыг тодорхойлж буй гол өгүүлбэр болж байна. Байдал ноцтойг эрх баригчид нуухгүй байгаа юм. Одоогийн байдлаар өвчлөгсдийн тоо бүхий вирусийн тархалтын газрын зураг Интернэтэд тавигдаж, Түвдийн өндөрлөгт л өвчлөгсөд байхгүй байна.
Хятадаас гадна, Япон, Өмнөд Солонгос, Таиланд, АНУ-д халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Орост титэм вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг гэж Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албанаас бямба гарагт мэдээлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ