Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа
Америкийн иргэн Мустафа Кассем Египетийн шоронд зүрхний шигдээсээр хорвоог орхижээ.Тэнд зургаан жил хоригдохдоо хэдэнтээ өлсгөлөн зарлаж байсан түүнийг 2013 онд Каирт гэр бүлдээ ирэхэд нь баривчилсан ба ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг огцорсны дараа Египетэд болсон эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байсан юм. Аюулгүй байдлын албаныхан түүнийг зодсон талаар хүний эрхийн байгууллагууд мэдэгдсэн байна.2018 оны есдүгээр сард түүнд 15 жилийн хорих ял оноосны дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй уулзахдаа Кассем болон өөр нэг америк хоригдол Ахмед Этиви нарыг суллахыг хүссэн удаатай.Түүнчлэн шүүхийн шийдвэр гарсны дараа Кассем АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампт захидал бичиж,тусламж хүссэн аж.Тэрээр ерөнхийлөгчийн анхаарлыг татахын тулд өлсгөлөн зарлаж,чихрийн шижин өвчтэй тул цаашид тэвчихгүйгээ мэдэгджээ.АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнод дахь туслах Дэвид Шенкер "Кассемийн нас барсанд харамсаж байна" гээд ар гэрт нь эмгэнэл илэрхийлсэн бол Цагаан ордон ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ