Ким Чен Уны мэдэгдэлд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлэв

   Цөмийн болон пуужингийн туршилтаа сэргээж болзошгүй тухай БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш сэтгэл гүнээ зовинож байна. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжжарик ингэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлжээ. 

           Түүний хэлснээр, Умард Солонгос туршилтаа сэргээхгүй хэмээн Гутерриш  ихэд найдаж байгаа ажээ.  “Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх нь дэлхийд цөмийн аюулгүй байддлыг хангах суурь тулгуур хэвээр байгаа бөгөөд үүнийг хадгалах ёстой” гэж НҮБ-ын төлөөлөгч хэлсэн байна.

      БНАСАУ цөмийн болон тив хоорондын пуужин туршихаа азнахаас татгалзвал АНУ-ын засаг захиргаа ихэд урам хугарах болно гэж америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нэгдүгээр сарын 1-нд мэдэгдсэн юм. Хойд Солонгосын эрх баригчид “дипломат бодлогын зам” сонгож, “дайн биш, харин энх тайван, сайн сайхан байдлыг” илүүд үзнэ  хэмээн найдаж байгаагаа тэр илэрхийлжээ.

         Манай орон шинэ төрлийн стратегийн зэвсгээ удахгүй үзүүлнэ  гэж шинэ оны босгон дээр  Ким Чен Ун мэдэгдсэн юм.  АНУ манай оронд урьдын адил дайсагнан хандаж байгаа бөгөөд тиймээс  стратегийн зэвсэглэлийг илүү идэвхитэй боловсруулах хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ