Ельцин Путинээс ганцхан зүйл л хүсчээ

      Оросын ерөнхийлөгч Борис Ельцин 1999 онд албан тушаалаа орхихдоо, улс орноо хамгаалж яваарай гэж өөрийн залгамжлагч Владимир Путинээс  хүсчээ. Тэр үед Ельциний зөвлөхийн албан тушаал хашиж байсан Валентин Юмашев телевиз-радиогийн “BBC” сувагт өгсөн ярилцлагадаа түүний хэлснийг ийнхүү дэлгэсэн байна. 

Путин, Ельциний хооронд боловсон хүчний томилгоо, оросын хуучин удирдагч болон түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ямар нэгэн тохиролцоо байсан гэх яриа “огт худал” гэдгийг тэр хэлжээ.  Шинэ хүн Ерөнхийлөгчийн суудалд суух тэр мөчдөө л иймэрхүү  бүх элдэв  тохиролцоог дуусгавар болгодог гэдгийг ухаалаг улстөрч байсан Ельцин маш сайн ойлгосон хэрэг гэж Юмашев тэмдэглэсэн байна.

“Тэр хоёр салахдаа, Путинээс Ельциний хүссэн цорын ганц зүйл нь “Орос орныг  хамгаалж яваарай” гэж захисныг зөвлөгч дурджээ. 

Өнөөгийн Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүний хүсэлтийг биелүүлэхээр мэрийж явааг тэр бас тэмдэглэсэн байна. Путиний удирдлагаар Орос орон  эдийн засгийн байдлаа сайжруулж чадсан юм гэж Юмашев үзэж байна.

Ельцин 1991 онд улс орныг тэргүүлж,  таван жилийн дараа  улиран сонгогдсон юм. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд тэр огцорч байгаагаа зарлаад, тэгэхэд ерөнхий сайд байсан Владимир Путинийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ