Олны танил зохиолчид сэтгэц мэдрэлийн өвчтэй байсан уу?

       Эцэг нь амиа хорлохоос өмнө Америкийн зохиолч Эрнест Хэмингуэй өөрийгөө шаналгах,улигт бодлын эмгэгтэй байлаа.Стивенсоны "Амиа хорлогчдын клуб"-ийг шимтэж уншсанаас илүүтэй гэр бүлийнх нь таагүй уур амьсгал,хямрал зохиолчийг амиа хорлох сэдэл рүү түлхсэн гэж болно.Анхны эхнэр Хадлитайгаа гэрлэсний дараа амиа хорлохоор завдаж байсан нэрт зохиолч маань таван жилийн хойно хоёр дахь эхнэр Паулинтайгаа амьдарч байхдаа "Хэрвээ би аз жаргалтай байж чадахгүй бол амиа хорлоно"гэж хэлсэн гэдэг.Тэрээр үргэлж үхлийн тухай ярьж,хэрхэн яаж нөгөө ертөнц рүү очих тухайгаа бодож,шаналдаг байсан аж.Эцэст нь түүний зөгнөл биеллээ олж,60 настайдаа амиа хорлосон билээ.Найз нөхөд тэр тусмаа сайхан бүсгүйчүүл олонтой,спортын авъяастай,алдар нэртэй,царайлаг,Нобелийн шагналтай зохиолчийн амиа хорлолт бусдын хувьд хүлээн авч чадахааргүй цочмоор үйл явдал болсон юм.Харамсалтай нь хүмүүсийн харж байсан шиг түүний амьдрал аз жаргалтай байгаагүй гэхэд болно.Бие,сэтгэл зүйн хавсарга эмгэгтэй тэрээр архинд хэт донтсоноос арьс өнгөний болон саахрын өвчин тусч,хариугүй турж эцэн,бэлгийн сулралтай болсон төдийгүй ой тогтоолт нь саармагжиж,зохиолоо ч бичиж чадахаа больж байв.Түүгээр ч барахгүй амиа хорлохоос нэг сарын өмнө "Эрүүл саруул болох сон.Сайн ажиллаж,найзуудтайгаа ууж идэж наргин,хонгор бүсгүйчүүдтэй зугаалах сан.Даанч харамсалтай нь надад аль нь ч алга даа"гэж тэмдэглэн үлдээжээ.


Дүрүүд ихэнхдээ юуны төлөө гэдгээ мэдэхгүй ч тэмцсээр л байдаг мятаршгүй дайчид.Яг л "Өвгөн тэнгис хоёр"-ын Сантьяго өвгөн шиг.Ер нь зохиолынх нь бүхий л дүрүүд Э.Хэмингуэйн эсрэг ханддаг мэт.Амьдралдаа хэзээ ч тэмцэгч байгаагүй,сул дорой суут зохиолч маань  "Эр хүн орондоо үхэх эрхгүй.Дайны талбарт духандаа сумтай үхэх ёстой"хэмээн зохиолдоо бичиж үлдээжээ.

Америкийн алдарт яруу найрагч,зохиолч Эдгар Аллан По сэтгэцийн өвчтэй нь батлагдсан ч чухам ямар хэлбэрийнх байсан нь өдийг хүртэл тодорхой бус.Тэрбээр ой санамжаа алдах,хэн нэгнийг дагаж мөрдөх,заримдаа хий үзэгдэл харахын зэрэгцээ харанхуйгаас айдаг эгэл бус сэтгэцтэй нэгэн байв.1830-аад оноос ойр ойрхон сэдрэх болсон сэтгэл гутралын өвчнөө мартах гэж тасарч унатлаа архи уудаг,донтолтын шинжтэй болсон түүний байдал эхнэр нь нас барснаас хойш улам хүндэрсэн тул хоёр жилийн дараагаас хэдэнтээ хүчтэй дурлаж,гэрлэх шийдвэрт хүрчээ.Эхний сүй тавих ёслол дээр эхнэр болох бүсгүйгээ айлгаснаас хурим нь цуцлагдсан бол дараагийнх дээр нь өөрөө очоогүй юм.Сонирхолтой нь тэр өдөр түүнийг Балтиморт явж байхыг хүн харсан гэдэг.Хуримын өдрөө Балтиморт юу хийж явсныг нь хэн ойлгох вэ дээ.


Ийнхүү хий үзэгдэл хардаг хүнд хэлбэрийн өвчин туссаны улмаас эмнэлэгт хэвтсэн ч Э.По төдөлгүй нас барсан билээ.Зохиолч ганцаараа үхэхээс хамгийн их айдаг байсан ч муу ёр түүнийг тойрсонгүй.Олон найз нь "Хамт байна"гэж амласан ч 1849 оны аравдугаар сарын 7-ны шөнө түүний хажууд хэн ч байгаагүй юм.Дашрамд дурдахад нэр сууг олсон адал явдалт зохиол шигээ амьдарсан хүн гэвэл түүнийг л хэлэх биз ээ.

Францын зохиолч,философич Жан-Жак Руссо параной буюу гэм зэмгүй хүмүүсийг харддаг сэтгэцийн өвчтэй байв.Тэрээр хаа сайгүй өөрийнх нь эсрэг хуйвалдаан зохиож буй гэдэгт итгэснээсээ болж өдөр бүр нэг газраас нөгөө рүү зугтан амьдардаг байж.Түүнчлэн бүх найзаа өөрийнх нь эсрэг ямар нэг муу зүйл хийж буй,үгүй ядахдаа төлөвлөж байгаа хэмээн ухаан мэдрэлээ алдтал харддаг байсан гэдэг.

Оросын алдарт яруу найрагч Сергей Есениний сэтгэл ямар ч шалтгаангүй,гэнэт хөөрдөг,хэсэг хугацааны дараа огцом гутардаг,хоёр туйл руу савласан сэтгэцийн хөөрөлтэй байлаа.Ийм хүмүүс хөөрсөн үедээ хэдэн өдрийн турш унтахгүй байж чадахаас гадна хий үзэгдэл харж,агуу их дэмийрэлд автдаг.Нэрт найрагч бээр үргэлж шахуу тавилгаа авч шидэлж,аяга тавгаа хагалан,нүцгэн гараараа толь руу цохиж,бусдыг хорон үгээр иддэгээ олонтаа тэмдэглэжээ.С.Есенин сэтгэл гутралаа анагаахаар эмнэлэгт хэвтсэн ч тодорхой үр дүн гарсангүй.Ингээд эмнэлгээс гарсныхаа дараа удалгүй амиа хорлосон билээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ