Буудсан этгээдийг 40 орчим минутын дараа устгажээ

Москвагийн Лубянкийн талбай дахь Оросын аюулаас хамгаалах албаны байшингийн дэргэд хүмүүс рүү буудсан этгээдийг  устгахад 40 минут шаардагдсан байна. Григорий Березкиний РБК медиахолдинг Дотоод хэргийн яамны Москва хотын ерөнхий газрын төлөөлөгчийн хэлснийг иш татан ингэж мэдээлжээ. 

Москва мужийн 39 настай оршин суугч Евгений Манюров аюулаас хамгаалах албаны  ажилтнууд руу буудсан байна. Тэрээр “Сайга” карбин болон хутгатай байжээ. Тэр буудлага  сонирходог нэгэн байсан бөгөөд Оросын  эрх зүйн академид сурч,  Эдийн засгийн дээд сургуулийн нэг дамжааны сонсогч байсан байна.


Ийм хэрэг үйлдэх болсон сэжигтний шалтаг тодорхойгүй байгаа ч,  Оросын аюулаас хамгаалах байгууллагын ажилтнуудын өдрийн өмнө өдөөн хатгалга үйлдэх нь энэхүү халдлагын зорилго байсан байж болох юм хэмээн таамаглаж байгаа ажээ. “Коммерсантъ” сонинд бичсэнээр, хэргийн газраас гар хийцийн тэсрэх төхөөрөг олдсон байна. 

Москва хотын төв дэх Лубянкийн талбай дахь байшингийн ойролцоо ийнхүү буудах үеэр тусгай албаны нэг ажилтан амь үрэгдсэнийг Оросын аюулаас хамгаалах албанаас мэдэгджээ.  Эрүүл мэндийн яамнаас өгсөн сүүлчийн мэдээгээр, таван хүн, түүний дотор нэг энгийн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа ажээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ