Залуу америкчууд социалист ерөнхийлөгч гарч ирэхийг хүлээж байна
“Rasmussen” сайтын явуулсан санал асуулгаас үзвэл, Америкийн 18-аас 39 хүртлэх насны залуусын 42% нь социалистуудаас ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө дуртайяа санал өгөхөөр байна.
“Ардчилсан намынхны 41% нь өөрийгөө социалист хэмээн үздэг ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө санал өгөхөөр байна. Бүгд найрамдах намын сонгогчдын 19%, бие даасан сонгногчдын 16% нь үүнтэй санал нэг байна” гэж “Rasmussen” сайт тэмдэглэжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, америкийн энэ насны бүлгийнхэн социализмыг капитализмаас 2 дахин илүүд үзэж байна.
Бүгд найрамдахчуудын тавны нэг нь социалист нэр дэвшигчийг дэмжих бодолтой байгаа нь АНУ миний үед хэзээ ч социалист орон болохгүй хэмээн ерөнхийлөгч Трампыг дахин амласны дараа өдөр тодорхой болжээ.
Өмнөх хоёр санал асуулгын дүн мөн ийм байсныг харгалзан үзвэл, сүүлчийн санал асуулгын дүн гоц гойд зүйл биш юм. Залуу америкчуудын 50% нь социалист засгийн газрын үед аж төрөхийг хүсч; засгийн газар бүх нийтийг хамарсан эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэж бүх америк хүний гуравны хоёр нь үзэж; засгийн газар коллежид үнэ төлбөргүй сурах боломжийг хангах ёстой гэж талаас илүү нь мэдэгдсэн нь гуравдугаар сард явуулсан “Harris poll” судалгааны хүрээнд тодорхой болжээ.
Нийт америкчуудын 47% нь социалистуудаас ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө санал өгч, ардчилсан намынхны 70% нь социалист нэр дэвшигчийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж, ингэх нь Америкийн хувьд илүү дээр байх болно гэж үзэж буйг тавдугаар сард явуулсан Gallup-ын нэмэлт санал асуулга харуулсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ