Балканы хойгийн хүйтэй газар хөдлөлтөд 800 гаруй хүн өртөөд байна
Албани улсын нутаг дэвсгэрт ээлжит хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Анхны газар хөдлөлт томхон хот болох Тиран болон Дуррес хотын хооронд арваннэгдүгээр сарын 26-ны үүрээр болж, түүнээс хойш Балканы хойгийн хүн ам шинэ шинэ чичирхийллийг байнга мэдэрч байгааг хэвлэлд дурдаж байна.
Хэд хэдэн удаагийн газар хөдлөлт болон чичирхийлэл таван өдрийн турш үргэлжилж байна. Эдгээрээс хоёр нь ихээхэн хор хохирол учруулсныг “Koha-Jone” сонинд тэмдэглэжээ.
6,4 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлтөд 40 хүн амь насаа алдаж, бас 650 хүн бэртэж гэмтсэн байна. Ингэхдээ нурангид дарагдаж үлдсэн байж болзошгүй хүмүүсийг тооцоолоогүй бөгөөд аврагчдын үзэж байгаагаар, нуранги дороос амьд хүмүүсийг гаргаж авах магадлал бараг байхгүй байгаа ажээ.
Албанийн зэрэгцээ хуучин Югославын бараг нийт нутаг, түүнчилэн Грек болон тэр ч бүү хэл Италийн өмнөд нутгуудад ч чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн үеэр хичээл сургуулийг хааж, орон гэргүй болсон хүмүүст зориулан тусгай байрууд ажиллуулж байгаа ажээ.
Арваннэгдүгээр сарын 28-нд Албанид бас нэг хүчтэй газар хөдлөлт (5,1 магнитудын) болж, ингэснээр амь үрэгдэгсдийн тоо 48 болж, нийтдээ 790 хүн бэртэж гэмтсэн байна. Аврах ажиллагааны үеэр нуранги дороос 45 хүнийг гаргаж авчээ.
Өчигдөр Албанийг чөлөөлсөн өдөр байсан ч, баяр ёслолын бүх арга хэмжээг цуцласан байна. Харин эрж хайх-аврах ажиллагаа үргэлжилж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ