Путин, Трамп хоёр уулзах уу?
Оросын удирдагч Владимир Путин, америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзах хэтийн төлөвийг Москвад гутрангуй байдлаар үнэлж байна. РИА Новости агентлаг дипломатын учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.
“Яалаа гэж уулзах билээ? Уулзалт болгоны дараа бүх зүйл байнга дорддог” гэж тэр хүн тодруулан тайлбарласан байна. Тэр үүнийгээ Трамп бие даасан үйлдэл хийж чаддаггүй, учир нь тэр “өөрийн эрхээр ажилладаггүй” гэдгээр тайлбарлажээ.
Аугаа их эх орны дайнд ялсны 75 жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан Оросын талын урилгыг хүлээж авсанаа Трамп арваннэгдүгээр сарын 8-нд нотлосон юм. Гэхдээ АНУ-ын сонгуулийн өмнөх кампанит ажлаас болоод Москвагийн парадад очиж чадахгүй байж мэднэ гэжээ. Хэрвээ америкийн төрийн тэргүүн Москвад ирж гэмээ нь бид заавал уулзана гэж Путин өөрийн талаас тэмдэглэсэн байна.
Путин, Трамп нарын анхны бүрэн хэмжээний уулзалт 2018 оны долоодугаар сарын 16-нд Хельсинкид болсон билээ. Үүнээс өмнө тэд 2017 оны зун Гамбург хотод G20-ийн дээд хэмжээний уулзалт, мөн оны арваннэгдүгээр сард Вьетнамд АТЕС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм. Орос, америкийн тэргүүн нар 2019 оны зургаадугаар сард Осака хотноо G20-ийн уулзалтын үеэр бас хэлэлцээ хийсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ