Луганск Украины бүрэлдэхүүнд буцаж орохоос татгалзаж байгааг тайлбарлав
Тусгаар тогтнолоо бие даан тунхагласан БН Луганск Ард Улсын тэргүүн Леонид Пасечник тус бүс нутаг Украины бүрэлдэхүүнд буцаж орохыг үгүйсгэжээ. Түүний ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг иш татан дурдсан байна.
Ингэж шийдвэрлэсэн нь “Донбассын ард түмнийг нутаг заах төлөвлөгөө” гэгчийг боловсруулсантай холбоотой юм гэж Пасечник тэмдэглэжээ. Уг төлөвлөгөөний агуулга нь тус бүгд найрамдах улсын удирдлагын хувьд гэнэтийн зүйл байгаагүй, учир нь Украины зүүн өмнөд нутагт зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс аваад, тэр ч байтугай мөргөлдөөнөөс бүр өмнө “Украинд Донбассын хүмүүс биш, харин газар, нөөц баялаг, үйлдвэрийн газрууд л хэрэгтэй” гэдгийг эндхийн хүн ам ойлгож байсан юм” гэж тэр хэлсэн байна.
Үүнээс гадна, энэ баримт бичиг нь “үндэсэрхэх үзэлтнүүд болон өрнөдийн ивээн тэтгэгчдийн шахалтаар” Украинд гаргаж буй шийдвэрүүдийн тэр шинж чанарт бүрэн тохирч байгаа юм гэж Пасечник тэмдэглэжээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор тус бүгд найрамдах улсын сонгосон Оростой интеграцичлах чиг бодлого нь цорын ганц зөв бодлого гэдгийг тэр цохон заажээ.
Түрүүнд нь БН Луганск Ард Улсын парламент мөн ийм дүгнэлт хийгээд, Киевийн эрх баригчдын төлөвлөгөө нь энэрэнгүй ёсны суурь зарчмуудад харш бөгөөд “учир нь хүчээр украинчилж, Донбассын хүн амыг шилжүүлэн суурьшуулж, тэднийг мөрдөн мөшгөх бодолтой байгаа юм” гэдгийг цохон заасан байна.
Украины эрх баригчид Донбассын оршин суугчдыг нутаг заахаар зэхэж байгаа тухай мэдээлэл аравдугаар сард нийгмийн сүлжээгээр таржээ. Энэ төлөвлөгөө нь тухайлбал, “украины тал баримтласан үзэл бодлыг дэмжихгүй байгаа хүмүүсийг устгахад чиглэсэн “үл зөвшөөрөгсдийг цэвэрлэх ажил зохион байгуулж, явуулахад оршиж байгаа аж”. Мөн тусгаар тогтнолоо бие даан тунхагласан БН Донецк Ард Улсын эрх баригчид энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж олгохгүй гэж гэж тус бүгд найрамдах улсын тэргүүн Денис Пушилин мэдэгдсэн байна.
Зэвсэгт мөргөлдөөний улмаас Донбассын зарим хэсэг Киевийн эрх баригчдын хяналтаас гарсан билээ. 2014 оны дөрөвдүгээр сард украины эрх баригчид БН Донецк болон Луганск Ард Улсын эсрэг хүчний ажиллагаа явуулж эхлэсэн юм. Тэд байлдааны ажиллагаанд Оросын талыг холбогдолтой хэмээн удаа дараа мэдэгдэж, харин ОХУ энэ бүх зэмлэлийг няцааж, үүнийг үндэслэлгүй гэдгийг цохон зааж байдаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ