Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив

ЗСБНХУ тарж бутарсан нь Балти орчмын нутагт үндсэрхэх үзэл газар авсантай холбоогүй, харин үр нөлөөгүй эдийн засгийн бодлого үүний шалтгаан болсон юм. Оросын ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

“Энэ нь (ЗСБНХУ тарж бутарсан шалтгаан – ред.,) Балти орчмын орнуудад үндсэрхэх үзэл газар авсантай огт холбоогүй,  мэдээж Зөвлөлт Холбоот Улсын үр нөлөөгүй эдийн засгийн бодлого үүний үндэс болж, улмаар энэ нь  нийгмийн хүрээнд хэрэг дээрээ сүйрэлд хүргэж,  улс төрийн хүрээнд урт хугацааны үр дагавартай байсан юм” гэж төрийн тэргүүн хэлсэн байна.

Путин үр дүнтэй өөрчлөлтийн тухай ярихдаа, БНХАУ-ыг жишээ болгон дурдаад, энд “төв засгийн газрын болон болон зах зээлийг хөгжүүлэх боломжийг сайтар ашиглаж чадсан юм” гэж дурджээ. 

ЗСБНХУ-д ийм зүйл огт хийгээгүйг тэр тэмдэглэсэн байна. Эцсийн дүнд энэ нь улс төрийн хүрээнд ч нөлөөлсөн юм. “Тэр тарж бутарсан үр дагавар хүмүүсийн бодож байснаас ч хавьгүй дор болсон юм” гэж ерөнхийлөгч хэлсэн байна.

Путин 2005 онд Холбооны хуралд явуулсан илгээлтдээ ЗСБНХУ тарж бутарсныг  өнгөрсөн зууны “геополитикийн томоохон сүйрэл” хэмээн тодорхойлж байсан билээ. Эх орон нэгт олон арван сая хүн хилийн чанадад үлдэж, энэ нь оросын ард түмний хувьд “жинхэнэ эмгэнэл” болсон юм гэж тэр хэлсэн байна.

ЗСБНХУ-ын үүсгэн байгуулагч бүгд найрамдах улсуудын тэргүүн Борис Ельцин (Орос), Леонид Кучма (Украин), Станислав Шушкевич (Белорус) нар 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зурж, ЗХУ-ын үйл ажиллагааг дуусгавар болгож, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН) байгуулж байгаа тухай мэдэгдсэн билээ.  Мөн оны арванхоёрдугаар сарын 25-нд ЗСБНХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачев өөрийн бүрэн эрхийг өгч байгаагаа мэдэгдсэн юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ