Гонконгод эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид их сургуулийг шатаажээ

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид цагдаа нартай мөргөлдөх үеэр Гонконгийн Политехникийн их сургуулийн байрны дэргэд их гал гарчээ. Өмнө нь радикал санаа бодолтой жагсагчид их сургуулийн дотуур байрыг метроны станцтай холбодог гүүрийг шатаасан байна.

Цагдаагийн ажилтнууд  сургуулийн байрыг хэдэн өдрийн туршид эзлэсэн жагсагчидтай удтал мөргөлдсөний эцэст өнгөрсөн ням гарагийн өглөө их сургуулийн дэвсгэрт нэвтэрч чаджээ. Хууль сахиулагчид руу шатаагч хольц бүхий лонх шидэж байснаас болоод түймэр гарсан байна. Нэлээд хэдэн хүнийг саатуулж, харин хүмүүс хэлмэгдсэн эсэх тухай мэдээ хараахан ирээгүйг РИА Новости агентлаг мэдээлжээ.

Сүүлийн мөдрүүдэд Гонконгод мөргөлдөөн дахин хурцдаж, жагсагчид эндхийн их сургуулиудын дотуур байрыг эзлэж эхлэснийг мэдээлж байсан юм. Одоо бүх сургууль хаагдаад байна. Үүнээс гадна, жагсагчид зам, туннель, гүүрүүдийг хааснаар  Гонконгод  тээврийн асуудал ноцтой болоод хэд хонож байгаа ажээ.

Гонконгод олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ энэ оны зургаадугаар сараас үргэлжилж байгаа бөгөөд хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байснаас  болоод эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн юм.  Өнгөрсөн хугацаанд цагдаа нар 3,6 мянга гаруй хүнийг саатуулж, нэг мянга таван зуун гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.  Эсэргүүцлийн ажиллагаа өрнөсний дараа Гонконгийн эрх баригчид буулт хийж,  аравдугаар сарын эхээр дээрх хуулийн төслийг буцаа татсан ч, эсэргүүцлийн ажиллагаа зогсоогүй юм.  Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид цөөн тоотой болсон ч,  улам их догшин ширүүн болж байгаа ажээ.

Телевиз-радиогийн RTHK корпораци  цагдаагийн байгууллагын мэдэгдлийг иш татахдаа,  Гонконгийн цагдаа нар эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдын эсрэг байлдааны сум хэрэглэж болох юм гэж уламжилсан байна.

Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ