Шумахер юу гэж хүссэн бэ?

Михаэль Шумахерын өөрийнх нь хүссэнээр түүний биеийн байдлын тухай мэдээллийг нийтэд дэлгэхгүй байгаа юм гэж тамирчны гэргий Коринна мэдэгджээ. “Сан” сонин түүний хэлснээс иш татсан байна.

“Бид Михаэльд туслахын тулд бололцоотой бүхнийг хийж байгаа. Бид түүний өөрийнх нь хүссэнээр биеийнх нь  байдлыг нууцлаж байгаа юм” гэж Коринна мэдэгджээ. Шумахерын хүү Мик, охин Жина-Мари хоёр Шумахерын хажууд байнга байдаг гэж тамирчны гэргий онцлон тэмдэглэсэн байна. 

Түүний гэргий намайг нөхөртэйгээ уулзах боломж өгөхгүй байгаа гэж Шумахерын менежер Вилли Вебер арваннэгдүгээр сарын 13-нд мэдэгдсэн юм. “Намайг үнэнийг мэдэж, цааш нь тараачихна хэмээн тэр эмээж байгаа хэрэг” гэж менежер хэлжээ.

Шумахерыг Парис  хотын нэг эмнэлгийн зүрх-судасны тасагт хүргэснийг есдүгээр сард мэдээлж байсан юм. Тамирчны зүрхний зөөлөн эдэд үүдэл эс суулгах туршилтын мэс засал хийх байсныг тэмдэглэж байжээ. 

Альпын нуруунд цанаар гулгаж байхдаа  тэр 2013 онд   тархи- толгойн бэртэл авсан билээ.  Тэгэхэд тэр  толгойдоо гэмтэл авч, ухаан алдсан юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ