Есөн настай хүү их сургуульд оржээ
Бельгийн есөн настай гоц авъяастай хүү удахгүй цахилгаан техникийн мэргэжлээр бакалавр болно гэж CNN мэдээлжээ.
Өөрсөдтэй хамт байдаг ач хүү нь элдэв зүйл сурахдаа ер бусын хурдан юм хэмээн нотлодог өвөө, эмээгийнхээ үгэнд Лоран Симонсын аав, ээж хоёр эхлээд итгэдэггүй байж. Гэвч хүүг сургуульд орсны дараа тэд өвөө, эмээгийнх нь хэлдэг хэтрүүлэл биш гэдгийг ойлгожээ. Багш нар түүний мэдлэгийг гүнзгийрүүлэн шалгахын тулд янз бүрийн ангийн түвшний тестийг хүүд өгч, харин тэр бүх даалгаврыг онцсайн хийдэг байжээ.
Одоо хүү Эйндховен хотын Технологийн их сургуульд цахилгаан техник судлаж байгаа аж. Багш нар Симонсыг “ерөөс гайхалтай хүү” хэмээн магтдаг бөгөөд тэр арванхоёрдугаар сард бакалавр болох гэнэ. Их сургуулийн удирдлага хүүгийн авъяасыг дэмжиж, хичээлийг хурдан дуусгахын тулд тусгай хуваарь гаргахыг түүнд зөвшөөрчээ.
Дараа нь тэр мөн энэ мэргэжлээр докторын зэрэг хамгаалж, “анагаах ухаан бага зэрэг үзэхээр” төлөвлөж байгаа гэнэ. Хүүд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудыг санал болгож, ингэхдээ тэр докторын зэрэг хаана хамгаалахаа өөрөө шийдэх гэнэ.
Үүний өмнө тэр амралтаараа Япон руу явах ажээ.
Симонс сурах чадвар гойд сайтай ч, хүүг амрааж, амьдралын сайн сайхныг мэдрүүлэхийг эцэг, эх нь эрмэлздэг байна. Тэр нохойтойгоо тоглох дуртайгаас гадна, бусад олон хүүхдийн адил утасныхаа тоглоомоор тоглодог гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ