Македонын Александрын нас барсан шалтгааныг тогтоожээ
Македоны Александр нойр булчирхайн хурц хэлбэрийн өвчнөөр нас барсан байна. Грекийн Аристотелийн их сургуулийн эрдэмтдийн хэлснийг иш татан “Greek Reporters” сонинд ингэж бичжээ.
“Шинж тэмдэг илэрч эхлэхдээ, их хоол идэж, дарс уусны дараа гэдсээр нь хүчтэй өвдөн, үүнийг дагалдаад их халуурч, арван дөрвөн өдрийн турш өдөр бүр бие нь улам дордож байжээ” гэж грекийн эрдэмтдийн судалгааны материалд тайлбарласан байна.
Судалгааны удирдагч, анагаахын шинжлэх ухааны хүндэт профессор, доктор Томас Герасимидисын хэлсэнээр, Македоны Александрт нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас цусны өвчин үүсчээ. Цөс чулуужиж, согтууруулах ундаанд дуртай болж, хүнд хоол их иддэгээс үүдэн ийм өвчин туссан байна.
Эрдэмтэд эртний түүхчдийн тахйлбарлаж бичсэн хааны сүүлчийн өдрүүд болон түүний өвчний шинж тэмдэгийг задлан шинжилснээр ийм дүгнэлт хийжээ. Македоны хааны нас барсан хуучны таамаглалуудыг судлаачид няцаасан байна. Тухайлбал түүнийг хумхаа, уушигны үрэвсэл, гэдэсний хижиг юмуу Баруун Нилийн чичрэг өвчнөөр нас барсан хэмээн таамаглаж байжээ. Эрдэмтэд 1995 оноос энэ асуудлыг судласан байна.
Их Александр манай эриний өмнөх 336 оноос 323 онд Македоны хаан байсан юм. Тэр богинохон хугацаанд хаанчлахдаа 70 хотын үндэс суурийг тавьж, Персийн эзэнт гүрнийг байлдан дагуулжээ. Түүнийг Вавилонд нас барж, Египетэд оршуулсан гэж үздэг ч, нутаглуулсан газрыг нь олоогүй юм. Александрыг нас барсны дараа түүний эзэнт гүрэн агшин зуур тарж бутарчээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ