Путин Эрдогантай хэлэлцээ хийснийхээ дараа Асадтай утсаар ярьжээ
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн төрийн тэргүүн Башар Асадтай утсаар ярихдаа, Туркийн удирдагч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийсний төгсгөлд зөвшин тохирсон харилцан ойлгох тухай меморандумын заалтуудын тухай мэдээлжээ. Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ингэж хэлсэн байна.
Песковын мэдэгдсэнээр, Арабын БН Сири Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх нь үндсэн зорилт болж байгааг оросын удирдагч ийнхүү ярилцах үеэрээ онцлон тэмдэглэжээ. Улс төрийн хүрээнд цаашид хамтын хүч чармайлт тавьж, тухайлбал, Үндсэн хуулийн хорооны хүрээн дэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатайг Путин бас дурдсан байна.
Ингэхдээ Асад гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлснийг хэвлэлийн нарийн бичгийн дарга тэмдэглэжээ.
Турк, Оросын ерөнхийлөгч нар олон цаг хэлэлцээ хийж, энэ үеэр Сирийн байдлыг хэлэлцсэн байна. Тийнхүү хоёр тал хэрэг дээрээ турк-курдийн асуудлыг эв зүйгээр зохицуулах төлөвлөгөө болох меморандумд гарын үсэг зуржээ.
Орос, Турк хоёр Сирийн нутагт хамтарсан мониторинг явуулж, террорын бүлгүүдийг илрүүлэхээр тохиролцсон байна. Ингэснээр бүх талд ашигтай болж, тодруулвал Арабын БН Сири Улс террористуудаас ангижирч, Турк аюулгүй байдлаа хангах бүстэй болж, харин Орос улс Туркт өөрийн оролцоог хүчтэй болгож байна.
АНУ, Турк хоёр Сирид бие биеийнхээ эсрэг цэргийн ажиллагаа явуулахгүй гэж тохиролцжээ. Сирийн асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Жеффри мягмар гарагт конгрессын гадаад хэргийн хороонд болсон хэлэлцүүлэг дээр үг хэлэхдээ ингэж мэдээлсэн байна.
Хоёр тал энэ талаар харилцан ойлголцсон юм гэж Жеффри тэмдэглэжээ. “Аль ч тал болж буй хэрэг явдлаас хамаарахгүйгээр бие биеийн эсрэг цэргийн ажиллагаа хэзээ ч явуулахгүй” гэж америкийн гадаад бодлогын байгууллагын ажилтны хэлснийг ТАСС агентлаг иш татан дурдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ