Доналд Трамп ирэх сард Ши Жимпинтэй уулзах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй

    Ирэх сард Чилид болох APEC-ийн чуулганы үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, худалдааны хэлэлцээрт гарын үсэх зурах магадлалтай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

    БНХАУ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж аваад эхэлсэн гэж Дональд Трамп Цагаан ордонд Италийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах үедээ онцолсон байна. APEC-ийн чуулган ирэх сарын 16-17-нд Чилийн нийслэлд болох юм. Харин БНХАУ-ын талаас АНУ-тай хамтарч худалдааны хэлэлцээрийн баримт бичгийг боловсруулж байгаа талаар тус улсын Худалдааны яам мэдээллээ. Ингэхдээ “Худалдааны дайн”-ыг эцэслэх, бүх тарифыг цуцлахыг гол зорилгоороо тодорхойлжээ.

    Үүнээс гадна БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан Бээжин хотноо АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр тэрбээр “БНХАУ гадаадын компаниудад зах зээлээ илүү нээлттэй болгоно” гэж мэдэгджээ.

    БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан

    “Бид аж үйлдвэрийн салбараа бүрэн нээлттэй болголоо. Санхүү багтсан үйлчилгээний салбараа бас нээж байна. Үүний зэрэгцээ бид зах зээлд суурилсан, олон улсад түшиглэсэн, хууль зүйн зохицуулалт бүхий бизнесийн орчныг бүрдүүлэх болно. Бид зах зээлийн бүх тоглогчдодоо шударга, эрх тэгш хандаж, оюуны өмчийн эрхийг хамгаалах болно. БНХАУ-ын бизнесийн орчныг сайжруулснаар БНХАУ-д хөрөнгө оруулж, худалдаа хийх сонирхолтой АНУ тэргүүтэй компаниудад боломж, зах зээлийн орон зай өргөнөөр тэлэх болно” гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ