Нигер улсын иргэдэд виз олгохыг түр хугацаагаар зогсоожээ
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын 28268 иргэн оршин сууж байна. Тухайлбал, Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлд 1000 гаруй иргэн байгаа бол Өмнөговь аймагт 1500 гаруй гадаадын иргэн байдаг байна. Монгол Улсад гадаадын иргэн оршин суух 29 төрөл байдаг. Үүнээс таван төрлөөр нь гадаадын иргэн сууж байгаа аж. Тухайлбал, гадаадын иргэнтэй гэр бүлж төрсөн хүүхэд, хөдөлмөр эрхлэгч, суралцагч, хөрөнгө оруулагч, цагаач гэсэн төрлөөр Монгол Улсад оршин сууж байна.
Түүнчлэн манай улсад суралцах гадаад оюутны тоо ч нэмэгдэж байгаа аж. Суралцах чиглэлээр 2773 гадаадын иргэн байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар өсжээ. Эдгээр нь МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС-д сурдаг бөгөөд улсаар нь ангилбал, БНХАУ-ын 2156 иргэн байдаг. Үүний 95 хувь өвөрмонголчууд байдаг.
Харин ОХУ-ын 340, БНСУ-ын 145, Японы 89, Лаосын 58 оюутан суралцаж байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр 2989 гадаадын иргэн байгаа бол цагаачаар амьдарч байгаа 1927 иргэн байгааг онцолсон юм.
Мөн “Монгол Улсад оршин суух гадаадын иргэн нийт хүн амын гурван хувьтай тэнцэх ёстой. Хүн амын гурван хувь гэхээр 97154 гадаадын иргэн байх ёстой юм. Одоогоор 28268 иргэн байгаа нь хууль зөрчөөгүй байгаа юм. Тэгвэл нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувь байх ёстой.
Одоогоор Монгол Улсад хамгийн их нь 13248 БНХАУ-ын иргэн байна. Энэ нь хүн амын нэг хувьд хүрэхгүй. Тиймээс гадаадын иргэн хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй. Монгол Улсад гадаадын иргэнд виз олгох эрхтэй гурван суваг байдаг. Түүний нэг нь манай газар. Манайх 30 хоногоос дээш хугацаагаар зорчих визийг олгодог. Энэ чиглэлээр эхний арван сард 144 улсын 23111 иргэнд энэ төрлийн визийг олгосон. Виз олголт өнгөрсөн оны мөн үеэс өссөн. Энэ нь аялал жуулчлалтай холбоотой" гэв.
Сүүлийн үед гадны иргэн хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол бүртгэгдэж байгаа. Үүнтэй холбоотой зарим улсын иргэн ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Энэ дагуу Монгол Улс Нигер улсын иргэдэд виз олгохыг түр хугацаагаар зогсоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ