Хар салхины улмаас алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд 27 мянга гаруй хүн оролцож байна
Японд сүүлийн 60 жил нүүрлээгүй байгалийн гамшигтай нүүр тулж, олон иргэнээ алдаж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.
Өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-ийн 21:00 цагийн үед NHK телевиз “Хүчтэй хар салхины улмаас Канагава, Точичи, Гунма, Мияги, Фукушима, Сайтама, Ивате, Нагано, Ибараки, Чиба, Шизуока мужуудад нийт 28 хүн амиа алдаж, 18 хүн сураггүй алга болж, 177 хүн бэртэж гэмтээд байна” хэмээн мэдээлэв.
Тус мэдээллээс нэг цагийн дараа “Киодо” агентлаг хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 33-д хүрч, 19 хүн сураггүй алга болж, 180 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлсэн юм. Ийнхүү хар салхины улмаас хохирогчдын тоо цаг тутам нэмэгдэж байгаа аж.
Албаны хүмүүс учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Япон даяар 10 далан нурсан байна. Японы Газрын яамнаас өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-ийн үдээс хойш “Хагибис” хар салхи, хүчтэй борооны улмаас есөн голын 10 далан нурсан талаар мэдээлжээ. Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авахыг сайд нарын танхимдаа даалгажээ.
Филиппинчүүдийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай Хагибис хар салхины улмаас Токио хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд саатаж, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаанууд завсарлав.
Хагибис нь 1958 оноос хойш Токио хотыг дайрсан хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож буй юм. 1958 онд дайрсан Ида хар салхины улмаас 1000 гаруй хүн амиа алдаж байжээ. Японы арлуудыг сарын өмнө хүчтэй хар салхи дайрч, 30 мянган өрхийн сууц сүйрч, цахилгаан эрчим хүчний саатал үүссэн билээ.
ANA, Japan Airlines зэрэг Японы авиа компаниуд Баасан гариг (2019.10.11)-ийн үдээс хойшоос эхлэн зарим нислэгүүдээ цуцалсан билээ. Токио, Нагояа болон Нагояа, Осакагийн хурдан галт тэрэгний үйлчилгээнүүд зогсож, Токиогийн метроны ихэнх чиглэлийг бүрэн хаагаад байв.
Токио хотын Диснейлэнд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон юм. Энэ нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай үйл ажиллагаа нь зогссон тохиолдол болжээ.
"Хагибис" хар салхи нь Номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи аж. Японы хэвлэлээр өмнө нь энэхүү гамшгийн улмаас ойролцоогоор 8000 хүн үрэгдэнэ гэж мэдээлж байв. Япончууд хар салхины аюулаас урьдчилан сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааснаар дэлгүүрийн лангуунууд нь хоосорчээ.
Аврах ажиллагааны үеэр Японы Фукусима мужийн Иваки хотод амьдардаг, 70 настай нэгэн эмэгтэй 40 метрийн өндрөөс нисдэг тэрэгнээс унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд клиник үхэлд оржээ.
Японд хар салхи нүүрлэх үеэр Токиогийн буланд Панамын хөлөг онгоц живсэн талаар “Киодо” агентлаг Японы эргийн харуул хамгаалалтын албаны мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус хөлөг онгоцонд Хятадын долоон иргэн, гурван мьянмар, хоёр вьетнам иргэн байсан аж.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад нүүрлэсэн "Хагибис" хар салхины дараа мэдэгдэл хийж, хүмүүс нас барж, хохирч буйд харамсаж байгаагаа хэлээд, хохирогчдын ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ. Түүний хэлснээр, өдгөө эрэн хайх, аврах ажиллагаанд 27 мянга гаруй хүн тусалж байгаа аж.
Нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч Японы эрэг орчимд нүүрлэсэн Хагибис хар салхины гамшгийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгээс машинууд эргэж, цахилгааны шонгууд унаж буй байдал болон сүйрсэн барилга байгууламжуудыг харж болохоор ажээ. “Хагибис” хар салхины хурд 45 м/с байсан бол зарим газраар 65 м/с хүрч ширүүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ