Сансрын нисэгч Алексей Леонов нас нөгчив
Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 86 насандаа таалал төгсжээ. Энэ талаар “Интерфакс” агентлаг баасан гарагт уламжилжээ.
Сүүлийн жилүүдэд сансрын нисэгч хүндээр өвчилж байсныг агентлаг дурдсан байна.
Мөн Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн хэвлэлийн албанаас энэ мэдээллийг нотложээ. Түүнийг аравдугаар сарын 15-нд Москва мужийн Мытищийн дурсгалын оршуулгын газарт нутаглуулах аж.
Леонов “Керменчугийн нисэгчдийг” анхлан бэлтгэх цэргийн нисэхийн 10 дугаар сургуулийг 1955 онд, хоёр жилийн дараа Чугуевийн цэргийн нисэгчдийн дунд сургуулийг төсгөж, 1960 онд зөвлөлтийн сансрын нисэгчдийн анхны отрядад орсон байна.
1965 оны гуравдугаар сарын 18-19-нд “Восход-2” хөлгөөр Павел Беляевын хамт хоёрдугаар нисэгчээр сансарт нисч, түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ. 1975 оны долоодугаар сард Валерий Кубасовын хамт “Союз-19” хөлгийн даргаар сансарт хоёр дахь удаагаа ниссэн бөгөөд тэгэхэд хоёр өөр орны сансрын хөлгүүдийг анх удаа залгасан юм. Тэр Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар бөгөөд сүүлд нь Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн орлогч дарга, 1991 онд тэтгэвэрт гарсныхаа дараа “Четек” фирмийн сансрын хөтөлбөрийн захирал, «Альфа-банк»-ийн захирлуудын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ