Этиопийн ерөнхий сайд Нобелийн Энх тайвны шагналтан болов
Этиопийн ерөнхий сайд Абий Ахмед Али 2019 оны Нобелийн Энх тайвны шагнал хүртэв. Али нь “Энх тайван тогтоож, олон улсын хамтын ажиллагаа төвхнүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж, тухайлбал Эритрей улстай хилийн мөргөлдөөнийг зохицуулах талаар шийдэмгий санаачлага гаргасны учир” ийнхүү шагналтан болсон байна. Тэрбээр шагналыг дагалдаж 9 сая швед крон (900 мянга орчим ам. доллар) авна. Шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд “Осло” хотод гардуулах аж.
Али 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ноос Этиопийн ерөнхий сайдын албан тушаал хашиж байгаа билээ.
Этиопи, Эритрейн зэвсэгт мөргөлдөөн 1998 оноос 2000 онд үргэлжилсэн юм. Сүүлд нь олон улсын арбитрын шүүх, нутаг дэвсгэрийг хоёр орны хооронд тэнцүү хуваажээ. Хоёр улс энх тайван, найрамдлын тухай тунхаглалд гарын үсэг зурснаар 2018 оны долоодугаар сард харилцаагаа эцэслэн сэргээсэн юм. Энхийн гэрээнд Али болон Эритрейн ерөнхийлөгч Исайяс Афеверки нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү нэр хүндтэй шагналыг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцдэг Бүгд найрамдах Ардчилсан Конго Улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге, Иракийн хүний эрх хамгаалагч Надя Мурад нар 2018 оны Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ