“Хагибис” хар салхи Японыг чиглэн урагшилж байгаа учир Токиогийн нислэг болон спортын арга хэмжээнүүдийг цуцаллаа

   Хагибисыг энэ жилийн хамгийн хүчтэй, хор хөнөөл дагуулсан хар салхи гэж цаг уур судлаачид үзэж байгаа юм. Хар салхи маргааш буюу энэ сарын 12-ны бямба гарагт Япон улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө гэжээ.

    АНУ-ын хар салхины хамтарсан төвөөс Хагибис тавдугаар түвшний аюул дагуулна хэмээн сэрэмжлүүлж байгаа юм. Японд болж буй рэгбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн жуулчид, баг тамирчид хэдий нь хар салхины гарз хохирлыг амсаад байна. Англи-Франц, Шинэ Зеланд-Италийн тоглолтууд цуцлагджээ. 

  

    Түүнчлэн нийслэл Токио хотын Ханеда, Нарита олон улсын нисэх буудлууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Бямба гарагт Токиог чиглэсэн болон Токиогоос нисэх 1187 нислэг, 190,000 зорчигчийн нислэгийг цуцлахаар болжээ.

    All Nippon эйрвэйс 101,000 зорчигчийн 602 нислэгийг цуцалсны 490 нь дотоодын, 112 нь олон улсын нислэг байна. Мөн Japan Airlines-ын дотоодын 513, олон улсын 72 нислэг цуцлагдлаа. Нислэгийн компаниуд байгалийн гамшиг, цаг агаарын онц ноцтой үед цуцлагдсан болон хойшлогдсон нислэгийн төлбөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг анхааруулав.

     Агаарын замаас гадна төмөр замын компаниуд үйлчилгээгээ хязгаарлаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Аялагч зорчигчид Токио орчимд авто замаар зорчих боломжтой ч хотын төвд зарим замуудыг хаана гэжээ. Иргэдийг байгалийн онц ноцтой аюулаас сэрэмжтэй байж, хувийн бэлтгэлээ базааж, ундны ус, хүнсээ нөөцлөхийг анхааруулж байна.

Мөн Япон улсаар гадаадын олон жуулчин аялаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Нүүлгэн шилжүүлэлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүднээс нийгмийн сүлжээ болон ухаалаг гар утасны хавсралтыг гаргахаар төлөвлөжээ. Мөн гадаад хэлний мэдлэгтэй хөтөч нарыг олон улсын томоохон нисэх буудлуудад ажиллуулж байна.

    Үүний зэрэгцээ улс орон даяарх жуулчдад зориулсан мэдээллийн төвүүдэд нөөц эрчим хүч, ухаалаг гар утас цэнэглэгч зэргийг байгуулж байна. 2018 онд болсон байгалийн гамшгийн үеэр мэдээлэл хомс байсан талаар олон жуулчин гомдол мэдүүлж байжээ. Энэ онд авж хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд жуулчдын асуудлуудыг шийдвэрлэхэд тусална гэж Засгийн газар найдаж байгаа аж.

Мөн хар салхи ирж буйтай холбоотойгоор японы хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ