БНАСАУ-ын удирдагч цэргийн фермээр зочилжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цэргийн фермийн аж ахуйгаар зочилсон талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. АНУ-ын төлөөлөгчидтэй өрнүүлсэн ажлын түвшний хэлэлцээ амжилтгүй болсноос хойш тэрбээр олон нийтийн өмнө анх удаа харагдаж буй нь энэ юм.
Ким Жөн Ун Солонгосын Ардын армийн 810 дугаар ангийн 1116 дугаар фермэд хэзээ зочилсон талаар “KCNA” агентлагийн мэдээнд дурдаагүй боловч тус агентлаг ихэвчлэн үйл явдал болсноос нэг хоногийн дараа мэдээлдэг байна. "Бидний хамааралтай байж болох цорын ганц зүйл бол шинжлэх ухаан, технологийн хүчин чадал юм" хэмээн БНАСАУ-ын удирдагч хэлээд, эрдэмтэд, техникчдийг бэлтгэж, тэдэнд анхаарал хандуулахын чухалыг онцолжээ. Мөн тэрбээр үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх аргуудыг судлах шинжлэх ухааны хөдөө аж ахуйн судалгааны салбар шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш зогсонги байдалд орсон цөмийн хэлэлцээ өнгөрсөн бямба гарагт үргэлжилсэн боловч Пёньян, Вашингтоны санал зөрөлдөөний улмаас амжилтгүй болжээ.
Шведийн нийслэл Стокхолм хотноо болсон хэлэлцээний дараа БНАСАУ шинэ саналгүйгээр “гар хоосон” ирсэн хэмээн АНУ-ыг буруутгаад, Пёньян цаашид цөмийн болон холын зайн тусгалт пуужингийн туршилтуудаа зогсоох эсэх нь АНУ-аас хамаарна гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ