Илон Маск Ангарагт хүрэх хөлөг онгоцыг танилцуулжээ
“SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск сар төдийгүй Ангараг гариг руу хүмүүс болон ачаа тээвэрлэх боломжтой олон удаагийн ашиглалтын “Starship” сансрын хөлөг онгоцыг танилцуулжээ.
“Starship” нь 50 метрийн урттай, шатахуун болон ачааг оролцуулалгүйгээр 120 тонн жинтэй аж. Илон Маскийн хэлснээр тус хөлөг онгоц 100 хүнийг тээвэрлэх боломжтой бөгөөд сар, Ангараг гаригт суурин газрууд үүсгэх үндсийг тавих юм байна.
“Starship” хөлөг онгоцны анхны туршилтын нислэг ойрын хоёр сарын дотор болох ба төлөвлөгөөний дагуу 20 км өндөрт хүрээд эргээд газардах ажээ. Дараагийн шатанд ойрын зургаан сард түүхэн дэх хамгийн хүчтэй эл хөлөг онгоцыг дэлхийн тойрог замд гаргахаар зэхжээ.
Метан, хүчилтөрөгчөөр ажилладаг “Raptor” хөдөлгүүртэй “Starship” хөлөг онгоцыг 2022 онд сар, Ангараг гариг руу хөөргөх юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ