Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак таалал төгсчээ
Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа нас барж, тус улсын Үндэсний хурал, Сенатын гишүүд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсчээ. Францын телевиз, радиогийн сувгууд хөтөлбөрөө өөрчлөн эфирийн дийлэнх цагаа Жак Ширакийн дурсгалд зориулсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Родез хотноо хийх айлчлалаа хойшлуулж, ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ, “Бид эх орон нэгт аугаа хүнээ алдлаа. Францын ард түмэнтэй хамт дэлхий нийт гашуудаж байна. Жак Ширак тусгаар тогтносон, бахархам Францын төлөө, даяар дэлхийн дайн дажны эсрэг тууштай тэмцэгч байв. Тэрээр 2003 онд Иракийн эсрэг НҮБ-ын мандатгүйгээр байлдааны ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, хуучин Югославт дайны галыг зогсоохыг эрмэлзэн Ливанд энх тайван тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Францын түүхэн удирдагч Шарл Де Голль, Жорж Помпиду нарын үйлсийг үргэлжүүлэн ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн Жак Ширакийн үзэл бодлыг хойч үе нь бүрэн хуваалцаж шударга ёсны төлөө тэмцлийн галыг нь бөхөөхгүй” гэжээ. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ