Кристалина Георгиева ОУВС-гийн захирал боллоо

Олон улсын валютын сангийн гүйцэтгэх зөвлөл Болгарын иргэн Кристалина Георгиеваг тус сангийн захирлаар томилжээ. 

Тэрээр энэ сарын 12-нд Европын төв банкны тэргүүнээр сонгогдон албан тушаалаасаа буусан Францын Кристин Лагардын оронд томилогдсон бөгөөд 1944 онд үүссэн тус байгууллагыг удирдахаар болсон зах зээлийн эдийн засаг бүрдэж буй улсын анхны төлөөлөл болж байна.     66 настай Кристалина Георгиева ОУВС-г таван жил удирдах юм. Ямар нэг тодорхой гэрээ байхгүй ч ОУВС-гийн захирлыг Европын холбоо, харин Дэлхийн банкны тэргүүнийг АНУ томилдог уламжлал тогтжээ. 

Кристалина Георгиева 1986 онд Болгарын Софи дахь Карл Марксын нэрэмжит эдийн засгийн дээд сургуульд (өдгөө Үндэсний ба дэлхийн эдийн засгийн их сургууль) докторын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Йель, Харвардын их сургуулиудад эрдэм шинжилгээний ажил хийж байжээ. Тэрээр англи, франц, орос хэлтэй аж.

Н.Түвшин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ