БНХАУ-ын коксжих нүүрсний импорт VIII сард 29.6 хувиар өсжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт VIII сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.6 хувиар огцом өслөө.
БНХАУ: VIII сард 9.07 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сарынхаасаа 17 хувиар нэмэгдсэн.
9.07 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сарынхаасаа 17 хувиар нэмэгдсэн талаар БНХАУ-ын Гаалийн газар мэдээлсэн. Энэ жилийн үлдсэн хугацаанд нүүрсний импортыг хязгаарлаж магадгүй байгаагаас урьтаж БНХАУ-ын эцсийн хэрэглэгчдийн худалдан авч байгаа нүүрсний хэмжээ нэмэгдсэн, мөн далайн нүүрсний тээврийн ханш буурсан зэрэг нөлөөлж байна гэж салбарын шинжээчид дүгнэсэн талаар “Sxcoal.com” ишилжээ. Улсаар нь задлаад харвал 49.5 хувийг Австралиас, 41.2 хувийг Монголоос, 5.3 хувийг ОХУ-аас импортолжээ. VIII сард Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт 13 хувиар өсөж, 4.49 сая тн болсон. Монголынх 45 хувиар өсөж, 3.74 сая тонн болсон байна. Харин ОХУ-ынх 34 хувиар буурчээ. Мөнгөн дүнгээр тооцвол 1.25 тэрбум ам.доллар болсноос дундчилж тооцож үзвэл нэг тонн нүүрсний үнэ 138.22 ам.доллар байсан байна. Энэ нь өмнөх сараасаа 11 ам.доллароор, жилийн өмнөхөөс 17.91 ам.доллароор бага үнэ юм. Коксжих нүүрсний ханш БНХАУ-ын дотоодын бирж болон гадаадад зөрүүтэй хэлбэлзэж байгаа. Энэ он гарснаас хойш Австралийн коксжих нүүрсний ханш 29 хувиар унасан бол Далянийн таваарын бирж дээр 11 хувиар өссөн талаар “Morgan Stanley” мэдээлж байлаа. Цаашдаа энэ байдал үргэлжилж, далайгаар тээвэрлэж байгаа коксжих нүүрсний ханш 2020 оронд 165 ам.доллар, 2021 онд 141 ам.доллар болно гэж “Morgan Stanley” таамагласан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ