NASA сар руу хөөргөх 12 сансрын хөлөг үйлдвэрлэх гэрээ байгуулав


    АНУ-ын Үндэсний сансар судлалын байгууллага NASA “Lockheed Martin” компанитай “Artemis” хөтөлбөрийн хүрээнд сар руу хөөргөх 12 “Orion” сансрын хөлөг үйлдвэрлэх гэрээ байгуулжээ.

NASA-гийн захирал Жеймс Брайденстайн мэдэгдэхдээ, “Тус гэрээ 2024 он гэхэд саран дээр эрэгтэй болон анхны эмэгтэй сансрын нисгэгчийг буулгах “Artemis” хөтөлбөрийн чухал үе шат боллоо” гэж онцолсон байна.

“Artemis” хөтөлбөр гурван үе шаттай бөгөөд эхний шатанд 2020 онд “Space Launch System” хүнд пуужингаар сансрын нисгэгчгүй “Orion” хөлгийг сар руу хөөргөх юм байна. “Orion” хөлөг сарыг тойроод дэлхийд буцаж буух ажээ.

Хоёрдугаар шатанд 2022 онд сансрын нисгэгчтэй “Orion” хөлөг сарыг тойрох бол гуравдугаар шатанд 2024 онд сансрын нисгэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн тавдугаар сард тус улсын Конгресст хандан сар, Ангараг гаригийг эзэмших хөтөлбөрийг 2020 онд санхүүжүүлэх 21 тэрбум ам.долларт нэмж 1.6 тэрбумыг олгохыг хүссэн билээ.

Н.Түвшин  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ