Лионел Месси зургаа дахь удаагаа оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо


Олон улсын хөлбөмбөгийн холбоо FIFA Испанийн “Барселон” багийн аргентин довтлогч Лионел Мессиг оны шилдэг хөлбөмбөгчнөөр зарлажээ.

Оны шилдэг дасгалжуулагчаар Аваргуудын лигт түрүүлсэн Английн “Ливерпул”-ийн Юрген Клопп, шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Меган Рапино нар тодорсон байна. FIFA-гийн оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол Италийн Милан хотын “Ла Скала” театрт болжээ.

Оны бэлгэдлийн шигшээ багт Алиссон ("Ливерпул"), Маттейс де Лигт ("Аякс"/"Ювентус"), Марсело ("Реал"), Серхио Рамос ("Реал"), Ван Дейк ("Ливерпул"), Френки де Йонг ("Аякс"/"Барселона"), Эден Азар ("Челси"/"Реал"), Роналду ("Ювентус"), Модрич ("Реал"), Килиан Мбаппе (“Пари Сен Жермен”), Месси ("Барселон") нар тус тус багтжээ.

32 настай Лионел Месси өнгөрсөн улиралд Испанийн аварга болсон “Барселон”-ы бүрэлдэхүүнд 36 гоол оруулан Европын “Алтан пүүз”-ийн эзэн болсон билээ. “Барселон” түүнчлэн Аваргуудын лигийн хагас шигшээд хүрсэн бөгөөд Лионел Месси тус тэмцээнд 12 гоол оруулан шилдэг довтлогчоор шалгарсан юм. Тэрээр түүнчлэн Аргентины шигшээ багтай Америкийн цомын хүрэл медаль хүртжээ.

Лионел Месси оны шилдэг хөлбөмбөчний шагналыг зургаа дахь удааг гардсан нь энэ юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ