Владимир Путинийг хөөхөөр Москваг зорьсон якут бөөг баривчилжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг хөөхөөр Москваг явган зорьсон якут бөө Александр Габышевийг Буриад дахь М-53 "Байкал" холбооны замын 202 дахь километрт баривчилсан тухай “ВВС” агентлаг уламжиллаа.
Түүнийг дагалдаж явсан хүмүүсийн хэлснээс үзвэл, 40-50 хар багтай цагдаа нар хоёр автобусаар хүрэлцэн ирж түүнийг баривчлан Улаан Үдийн зүг авч явжээ.
“ВВС” агентлаг Оросын Дотоод хэргийн яамны Буриадын хэлтсээс лавлахад, “Есдүгээр сарын 19-нд мөрдөн байцаагчийн даалгавраар цагдаагийн ажилтнууд Якутад эрэн сурвалжлагдаж буй 1958 онд төрсөн эрэгтэйг саатуулсан. Түүнийг ойрын нислэгээр Улаан Үдээс Якутск руу хүргэнэ” гэсэн байна.
Владимир Путиний үндэсний бодлогыг эрс эсэргүүцдэг Александр Габышев явган аяллаа гуравдугаар сард эхэлсэн бөгөөд 2800 км зам туулаад байжээ.
Тэрээр зургадугаар сарын 12-нд Читэд болсон эсэргүүцлийн жагсаалд үг хэлэхдээ, хуулийн статустай шийдвэр гаргадаг ард түмний хуралдаанууд зохион байгуулахыг уриалж, Владимир Путин ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрхгүй гэж хэлэн нийтийн сүлжээгээр ихэд алдаршжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ