Хятадын Ерөнхий сайд Ли Кецян Орост айлчилж байна
Хятадын Ерөнхий сайд Ли Кецян гэргийнхээ хамт Оросын Санкт-Петербург хотноо Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын 24 дахь уулзалтад ороцохоор өчигдөр хүрэлцэн ирсэн тухай “ТАСС” агентлаг уламжилжээ.
Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев түүнд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтдаг Павловскийн музейн цогцолборыг үзүүлж танилцуулсан байна. Улмаар Дмитрий Медведев гэргий Светлана, Ли Кецян гэргий Чен Хун нар хамтдаа үдийн зоог барьжээ.
Өнөөдөр Санкт-Петербургийн Константиновскийн ордонд хоёр орны Ерөнхий сайд нарын хоёр өдөр үргэлжлэх хэлэлцээ эхлэх юм. Оросын талаас Засгийн газрын гишүүд болон зарим бизнесийн төлөөлөл оролцох аж. Уулзалтын үр дүнд Засгийн газар ба яамдын хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ