НҮБ-ын шинжээч: Монгол Улс судалгаа шинжилгээний ажилд маш бага мөнгө зарцуулж байна
Монгол Улсын гадаад өр болон бусад төрлийн олон улсын санхүүгийн үүргүүд нь Монголд хүний бүх эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангуулахад хэрхэн нөлөөлж байгаа талаарх урьдчилсан мэдээг НҮБ-ын хараат бус шинжээч Жуан Пабло Бохославски өнөөдөр тайлагналаа.
Тэрээр 2014 онд НҮБ-ын Хүний эрхийн комисоос Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээчээр томилогджээ. Энэ нь аливаа засгийн газар, байгууллагаас хараат бусаар хувь хүнийхээ хувьд үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. Хараат бус шинжээчид нь Хүний эрхийн комиссын тусгай журмын нэг хэсэг аж.
Жуан Пабло Бохославски манай улсад арав хоногийн хугацаанд айлчилсан байна. Үүний хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит компани, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж илэн далангүй яриа өрнүүлжээ.
Энэхү айлчлал нь:
Өр, макро эдийн засгийн бодлогыг хүний эрхийн үүднээс үнэлэх
Ашигт малтмалын үр шимээ нийгэм, байгаль орчны хүртээмжтэй цогц бодлогод хэр хэмжээнд шингээж буй, улмаар хүний эрх болон тогтвортой хөгжлийг эрчимтэй хангахад оруулж буй хувь нэмрийг ойлгох
Хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гаргаж буй Засгийн газрын зарим хүчин чармайлт, түүнээс хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг судлах
Дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзэх гэсэн үндсэн дөрвөн зорилготой аж.
НҮБ-ын хараат бус шинжээч Жуан Пабло Бохославски нь Монгол Улсад Уул уурхайн салбар жинхэнэ хувьсал өөрчлөлтийг өдөөгчийн үүрэг гүйцэтгэн эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бодитойгоор эдлэх нөхцлийг бүрдүүлэх, хүний хөгжлийг идэвхжүүлэгч хурдасгуур нь байх шаардлагатай байна хэмээн дүгнээд байгалийн баялагаас хэт хамаарах нь эдийн засгийн боломж, мөн сорилт авчирдагийг дэлхийн олон улс орон батлан харуулсан байдаг тухай сануулав.
Хараат бус шинжээч 2020 оны гуравдугаар сард иж бүрэн тайланг Хүний эрхийн комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. Үүний хүрээнд Монгол Улс цаашид анхаарал хандуулах ёстой, хүний эрхтэй холбогдох асуудлуудыг хөндөж урьдчилан тайлан зөвлөмж гаргасан байна. Үүнд:
“Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын тухайд 2018 онд гэхэд гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсаныг 2010-2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд эрүүл мэндийн салбар гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр хүн амд үзүүлэх үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломжгүй болсоны үр дүнд үр хөндөлтийн хувь ихээхэн хэмжээгээр өссөн байна.
Бүрэн бус дунд болон бүрэн дунд сургууль төгсөгч эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс илүү хэдий ч эмэгтэйчүүд цалин багатай ажлын байранд илүүтэй ажил эрхэлж байна. Ажил мэргэжлийн ялгаатай байдлаас гадна цалингийн зөрүү их хэвээр байгаа бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 11.4 хувь илүү цалин авч байна. Нэмж дурдахад, эмэгтэйчүүдийн тэгш бус цалингүй ажлын ачаалал асар их бөгөөд үүнийг төрийн бодлого болон үндэсний тооцоонд оруулах асуудлыг ойшоон авч үзэхгүй байсаар байна.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Хувийн салбарын өр дотоодын нийт өрийн (ипотек, хэрэглээ, компанийн өр) тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байна. Өрийн тогтвортой байдлын судалгаа хүний эрхийн хэмжээсийг авч үзэх ёстой бөгөөд ингэснээр өрийн түвшний эдгээр эрхэнд үзүүлэх нөлөөллийг холбогдох санхүүгийн байгууллагууд зохин ёсоор анхааралдаа авах юм.
Эдийн засгийн төрөлжүүлэлт урт хугацааны хоцрогдолттой явж байна. Миний бие Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж буйг тэмдэглэхийн сацуу энэ чиглэлээр цаашид илүү их хүчин чармайлт гаргаасай гэж хүсч байна. Энэ улсад чухам юу дутагдаж байна вэ гэвэл:
2015 онд баталсан урт хугацааны аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх
Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар шийдвэртэй арга хэмжээ авах явдал гэж харж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс ДНБ-ний өчүүхэн хувь буюу 2017 онд гэхэд ДНБ-ний 0.2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг судалгаа шинжилгээ, технологи, инновацид зориулан зарцуулсан байна.
Миний бие Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Ил тод байдал ба татварын зорилгоор мэдээлэл солилцох тухай” даян дэлхийн форумд оролцон “Суурийг нурааж, ашгийг дахин хуваарилах тухай хүртээмжтэй зохицуулалт” -д нэгдсэнийг сайшааж байна. Гэсэн хэдий ч татвартай холбоотой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5-аас 4 жил болгож бууруулсан, татварын өршөөлийн хуулийг олон удаа баталсан болоод татварын өршөөл, татварын өршөөлд хамрагдсан татвар төлөгчдийн тухай мэдээлэл олон нийтэд ил тод биш байгаад сэтгэл зовниж байна.
Нэмж дурдахад, Ил тод байдлын олон улсын индексээр Монгол Улс 2017 онд 103 дугаар байрт жагсаж байсан бол 2018 онд 93-т жагсаж, нөхцөл байдал үлэмж хэмжээгээр сайжирсан дүн гарсан билээ. Гэсэн хэдий ч миний уулзсан олон хүн авилгын талаар, энэхүү эдийн засгийн гэмт хэрэг нь төсвийн орлого болон хөгжилд сөрөг нөлөө үзүүлж буй талаар санаа зовнисоор байгаа гэж ярилцлагын үеэр дурдаж байв.
Монгол Улс авилгаас урьдчилан сэргийлэх, авилгатай тэмцэх чиглэлд хүчин чармайлт гаргаж буй хэдий ч оршин буй цоорхойг арилгах шаардлагатай байна. Эрх зүйн баримт бичиг тухайн салбарын холбогдох зарчмыг, тухайлбал:
Ашиг сонирхлын зөрчлийг арилгах - үүний тулд холбогдох хууль эрхзүйн баримт бичгийг боловсруулахдаа эрх мэдлийн тодорхой хуваарилах, хуульт ёсыг дээдлэх, захиргааны баримт бичгийг олон нийтэд сурталчлах, шударга ба үр ашигтай байх, тухайн хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг зарчмыг удирдлага болгодог байх
Салбар болгоноос нөлөөлөл үзүүлдэг явдлыг зогсоох
Олон улсын хүний эрхийн стандартын дагуу мэдээлэгчдийг зүй зохистой арга замаар хамгаалах чиглэлээр үр дүнтэй зохицуулалт хийх хэрэгтэй байна.
Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тогтолцоо нь ашиг сонирхлын дотоод зөрчилтэй байгаа нь миний олж мэдсэн санаа зовоож буй асуудал юм. Уул уурхайн компаниуд нь эрх бүхий хувийн зөвлөх компанийг сонгож, гэрээ байгуулж, төлбөрийг нь төлж байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ хийлгээд Засгийн газарт хүлээлгэн өгдөг. Үнэлэгч нь үнэлгээ хийлгүүлэгчээс хараат бус байх зарчим хангагдахгүй байна.
Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүсч буй уул уурхайн компаниас төлбөр авч үнэлгээ хийдэг хувийн зөвлөх компаниуд нь хамааралтай байдаг явдлыг таслан зогсоохын тулд Засгийн газар өөрийн бүтэцэд мэргэжлийн, хараат бус бодлогын үнэлгээ хийдэг чадавхийг бий болгох хэрэгтэй. Засгийн газар мөн үнэлгээний үйл явцад тухайн нутгийн иргэд, иргэний нийгмийн оролцоог хангах, тэдний чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Цаашид МУ-ын Засгийн газар нь тулгамдсан асуудлуудаар тогтмол хэлэлцүүлэг явуулдаг олон талд байнгын үйл ажиллагаатай механизмыг бий болохыг зөвлаж байна. Уг механизмд зайлшгүй оролцох талууд нь:
Уул уурхайн компаниуд
Нөлөөлөлд өртсөн иргэдийн бүлгүүд
Уул уурхай, байгаль орчин, хүний эрхийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд байх юм.
Ус, газар, хоол хүнс, амьжиргаа, орон сууц, соёлын зан үйл, өв соёлын хүртээмжтэй холбоотой хүний эрхийн асуудал эрсдэлд ороод байна. Иймд, “Уламжлал ёсоор ашиглаж ирсэн хүмүүсийн газраа өмчлөх, ашиглах эрхийн тухай” заасан ОУХБ-ын Уугуул, нутгийн иргэдийн тухай 169 дүгээр конвенцын 14 дүгээр заалтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Үүн дээр нэмээд, хүмүүсийн газар нутгаа ашиглах эрхийг хамгаалах, эзэмшдэггүй ч гэсэн уламжлал ёсоор амьжиргаагаа залгуулах, уламжлалт аж ахуйгаа эрхлэхийн тулд ашиглаж ирсэн газраа ашиглах эрхийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээг тохиромжтой нөхцөлд авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Банк, санхүүгийн салбар НҮБ-ын Бизнес ба Хүний эрхтэй холбоотой баримтлах зарчмыг хойшлуулахгүйгээр хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд үүнийг үйл ажиллагааныхаа нэгэн тэргүүлэх чиглэл болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Банкуудын зээлдэгчээс авах хүүгийн түвшинд хязгаарлалт байдаг бол (өндөр хэвээр байгаа) банк бус санхүүгийн байгууллагын хүүнд ийм хязгаарлалт байхгүй байна. Санхүүгийн байгууллагууд ялангуяа бичил зээлд жилийн 200 хүртэлх хувийн хүү, зарим нөхцөлд өдрийн хүү тогтоож байна. Ийм түвшний хэт туйлширсан хүү тогтоох нь хүнс, орон байртай байх эрх зэрэг иргэний хамгийн наад захын нийгэм, эдийн засгийн эрхээ эдлэхэд шаардлагатай эх үүсвэртэй байх боломжийг бууруулж байна. Эдгээр санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийх, мөнгө хүүлэх чанартай бичил зээлийг цуцлах буюу хүчингүй болгох талаар Засгийн газар хөндлөнгөөс нэн даруй оролцох шаардлагатай байна” хэмээн тайландаа бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ