Орост нэгдсэн санал хураалтын өдөр ноцтой зөрчилгүй болж өндөрлөв

Оросын 85 бүс нутагт өчигдөр нэгдсэн санал хураалтын өдөр ямар нэг ноцтой зөрчилгүй болж өндөрлөсөн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

        Санал хураалтын өдрөөр таван мянга гаруй янз бүрийн түвшний, үүний дотор 13 бүс нутгийн хууль тогтоох байгууллага, 16 бүс нутгийн захирагч, 22 бүс нутгийн төв хотуудын Дум, гурван бүс нутгийн төв хотын дарга нарын сонгууль тус тус болжээ.

        Үүнээс гадна дөрвөн нэг мандат бүхий тойргуудаас (Хабаровскийн хязгаар, Новгород, Свердловск ба Орловск мужууд) Төрийн думын гишүүдийн нөхөн сонгууль болсон аж.

        Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй ч бараг бүх бүс нутагт Оросын эрх баригч “Нэгдсэн Орос” нам олонхи болох хэвээр үлдэх төлөвтэй.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ