Шведэд улс төрчид албаны машин хэрэглэхийн оронд тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг

Шведэд хэн нэгэн давамгайлахгүй, хүн бүр тэгш эрхтэй гэсэн үзэл баримтлал үйлчилдэг. Шведийн засгийн газрын гишүүд, сайд нарт албаны машин болон жолоочтой байх онцгой эрх олгодоггүй байна. Тэд энгийн иргэдийн адил автобус, галт тэрэг, метро зэрэг олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг гэж “Guardian”, “Mail” вебсайтууд мэдээлжээ.    

Өөрөөр хэлбэл Шведэд засгийн газрын гишүүн гэдэг утгаар нь өндөр албан тушаалтнуудад ямар нэгэн онцгой эрх олгодоггүй. Өөр нэг сонирхолтой зүйл нь улстөрчдөд хувийн нарийн бичиг байдаггүйгээс гадна албаны өрөө нь ердөө 8 метр квадрат юм байна.  

Олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахын оронд улсын мөнгийг таксинд зарж байгаа өндөр албан тушаалтнууд эцэстээ сонины нүүрэнд гараад дуусдаг гэнэ. Парламентын дарга нь хүртэл олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх карттай юм байна. Зөвхөн Ерөнхий сайд аюулгүй албаны машиныг ашиглах эрхтэй байдаг ажээ. Түүнчлэн улстөрчдийн цалин бага ангийн багш нарынхаас ердөө хоёр дахин их байдаг гэж "legit.ng" сайтад мэдээлсэн байна. 

Энэ талаар Шведийн нэгэн иргэн Жоаким Холм санал бодлоо хуваалцахдаа “Би улстөрчдөд мөнгө төлдөг. Тэдэнд онцгой эрх эдлүүлэх шалтгаан олж харахгүй байна” хэмээжээ. 

Зургийн тайлбар: Европын дээд хэмжээний уулзалтын үеэр Шведийн ерөнхий сайд Стефан Лёвен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар метрогоор үйлчлүүлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ