Орост цэргийн зориулалттай хиймэл дагуул бүхий “Рокот” пуужинг хөөргөжээ
Оросын нисэх ба сансрын зэвсэгт хүчин Плесецк дахь сансрын буудлаас цэргийн зориулалттай хиймэл дагуул бүхий “Рокот” пуужинг амжилттай хөөргөсөн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээлэлд, “Москвагийн цагаар 17.02-т Плесецк дахь Г.Титовын нэрэмжит нисэх ба сансрын зэвсэгт хүчний сансрын буудлаас цэргийн зориулалттай хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөх ажиллагаа төлөвлөсний дагуу амжилттай болж өндөрлөлөө” гэжээ.
Хөнгөн ангиллын “Рокот” пуужинг зэвсэглэлээс хасагдаж буй “РС-18” баллистик пуужингийн суурин дээр М.Хруничевийн нэрэмжит төвд үйлдвэрлэдэг аж. 2000 оноос хойш “Рокот” пуужинг 30 удаа хөөргөн төрөл бүрийн зориулалттай сансрын 70 аппаратыг дэлхийн тойрог замд гаргажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ