Венецийн кино наадамд хоёр шинэ бүтээлийн нээлт болжээ
Италийн Венецийн 76 дахь кино наадмын хоёр дахь өдөр “Гэрлэлтийн түүх” (“Marriage Story”), “Оддын зүгт” (“Ad Astra”) зэрэг киноны нээлт болсон тухай “ВВС” агентлаг мэдээлжээ.
Найруулагч Ноа Баумбахын хамт “Гэрлэлтийн түүх” киноны нээлтийн ёслолд гол дүрүүдийг бүтээсэн Холливудын од Скарлетт Йоханссон, Адам Драйвер нар оролцжээ. Тус кинонд найруулагч Чарли, жүжигчин бүсгүй Николь нарын гэрлэлтийн амаргүй үеийн тухай өгүүлдэг аж.
Үүний дараа улаан хивсний ёслолд “Оддын зүгт” кинонд тоглосон Брэд Питт, Лив Тайлер, Рут Негга нар найруулагч Жеймс Грейн хамт оролцжээ.
Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг энэ удаа Аргентины найруулагч Лукресиа Мартел тэргүүлж байгаа бөгөөд “Алтан арслан” шагналуудыг гардуулах ёслол есдүгээр сарын 7-нд болох юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ