Б.Баярмаа: Секс амьдралын хамгийн торгон агшнуудын нэг гэж боддог
“Ийм нэгэн нэгэн дурлал”, “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин Б.Баярмаатай ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас манай уншигчдад сонирхуулаач?
-Танай сайтын уншигчдад ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед хувийн амьдралдаа багагүй анхаарч, амралтын байдалтай байна. Бага охин маань нялх байгаа учраас гэрийнхэнтэйгээ хөдөө гадаа явсан шиг ээ л амарч байна.
-Таныг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг. Энэ тодотголд та хэр үнэлэлт өгөх вэ?
-Магтсанд баярлалаа. Эмэгтэй хүн бүр “гоё, сайхан” гэж хэлүүлэх дуртай. Миний бодлоор эмэгтэй хүн гаднаа гялалзахаас илүү дотроосоо ч гэрэлтэх хэрэгтэй. Бас хүүхдүүддээ үлгэр дууриалал болохоор сайн сайхан, чанар чансаатай үйлдэл гаргаж байх хэрэгтэй гэж боддог шүү.
-Та дөнгөж төрснийхөө дараа “Дэлхийд дурласан сар” кинонд тоглож байсан. Эмэгтэй хүн төрсний дараа хэрхэн бие галбир, гоо сайхнаа хадгалж үлдэх ёстой вэ. Энэ тухай манай уншигч бүсгүйчүүдэд бяцхан зөвлөгөө өгөөч?
-Төрөөд удаагүй байхдаа тэр кинод тоглосон. Манай монголчууд эрт дээр үеэс л хөл хүнд хүнийг энхрийлж, бөөцийлдөг уламжлалтай. Ер нь жирэмсэн хүн яагаад өөх тостой нүнжигтэйг нь идэж, царай зүс бие галбираа алдах ёстой гэж. Төрсний дараа хэвийн байдалдаа орохын тулд жирэмсэн байх хугацаандаа аминд дэмтэй зөв хоол идэж, амьдралын зөв хэмнэлтэй, ядарч туйлдахгүй байх нь чухал. Төрсний дараа биш жирэмсэн байх хугацаандаа л өөртөө анхаарал сайн тавьж, чадвал эргээд тэнхрэхэд ч хялбар шүү дээ.
-Эмэгтэй хүн сайн ээж байхыг хүсдэг. Та ээжийнхээ энд хүрэхээр сайн ээж байж чадаж байна уу?
-Би ээжээсээ бүхий л зүйлийг суралцдаг. Миний ээж агуу хүн л дээ. Миний гадаад төрхөнд бараг надаас илүү анхаарал хандуулдаг гэхэд хилсдэхгүй байх. Би одоог болтол ээжээсээ суралцсаар л байна. Ер нь ээж болох сайхан. Би ч хоёр охиндоо багаас нь зөв хүмүүжил олгохыг хичээж байна. Бүсгүй хүний амьдралд тохиох хамгийн сайхан үе бол хүүхдээ төрүүлээд уйлахыг нь сонсох тэр мөч.
-Ихэнх эмэгтэйчүүд хөгшрөхөөс айж, шаналж байхад зарим нь өчүүхэн өт хорхойноос айх нь бий. Та юунаас айдаг вэ?
-Хөгшрөлт бол байгалийн жам.Харин үл ойлголцолоос айдаг. Бас аймшгийн киноноос “ухаан алддаг”.Би ер нь аймхай талдаа хүн шүү дээ.
-Хэрэв найруулагч аймшгийн дүрд тогло гэвэл яах вэ?
-Ёстой энэ талаар бодож байгаагүй юм байна. Урлагийн хүн болохоор бодитоор мэдэрч тоглох шаардлага гарна. Тэгж бодохоор аймар байгаа биз дээ /инээв/.
-Эротик дүрийн талаар юу гэж боддог вэ. Тийм дүрд тоглох санал ирвэл та хүлээж авах уу?
-Нэгэнт жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшсэн юм чинь өөрийгөө төрөл бүрийн дүрд сорихыг хүсдэг. Гэхдээ найруулагчид даруухан бүсгүйн дүрд намайг тоглуулахыг илүүд үздэг. Хэрэв эротик дүр бүтээ гэхэв маш их зүйл суралцаж байж, хичээх л байх даа. Мөн сэтгэл зүйн маш их бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөр дээрээ төсөөлөхөөр “За би арай л..” гэсэн бодол төрдөг. Надаас дүр гарлаа гэхэд тэр дүрийг бүтээдэг хүмүүстэй эн зэрэгцэж чадахгүй байх.
-Ийм дүрийн тухай гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байсан уу?
-Мэдээж манай хүн хайртай хүнээ харамлана шүү дээ. Тийм болохоор эротик дүрийн асуудлыг нөхөртэйгөө сайн ярилцаж, түүний үгийг сонсож, үзэл бодлыг нь хүндэлж үзнэ. Өөрийнхөө дураар шийдвэл гэр бүлд үл ойлголцол үүснэ.
-Зарим охид бүсгүйчүүд маань сүүлийн үед хүний дотоод зүрх сэтгэлээс илүү мөнгийг илүүд үзэх болсон санагддаг. Таны бодлоор мөнгө амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Мөнгө бол хэрэгцээ. Гэхдээ зарим бүсгүйчүүд мөнгөний төлөө өөрийгөө, ар гэрээ гаргуунд хаяж яваад харамсдаг. Энэ амьдралд хайр, гэр бүлийн мөнгөөр үнэлэх боломжгүй.
-Та мөнгөөр дутдаг уу?
-Мэдээж залуу хүнучраас бүх зүйл санаснаар болохгүй үе хааяа гардаг. Тэр дунд мөнгөтэй холбоотой бүтэлгүйтэл ч гарах нь бий. Картандаа хэдэн төгрөг үлдэснийг мэдэлгүй явж байгаад эвгүй байдалд орсон тохиолдол бий /инээв/.
-Сексийн тухайд?
-Сүүлийн үед залуучууд их нээлттэй болсны хэрээр сексийн асуудлыг ч нээлттэй байлгахыг хүсдэг болж.Энэ нь нэг талаараа хүний хамгийн нандин гэх зүйлийг үнэгүйдүүлж байгаа хэрэг юм. Миний хувьд секс бол маш үнэ цэнэтэй. Учир нь би өөрийгөө үнэлдэг хүн. Хайрыг мэдэрсэн секс амьдралын торгон агшнуудын нэг гэж боддог.
-Та ямар орчинд байхдаа тав тухыг мэдэрдэг вэ?
-Гэртээ. Намайг хайртай хүмүүс маань хүлээж байдаг учраас хамгийн их тав тухыг мэдэрдэг. Бас найз нөхөдтэйгөө байгаа үед их тайван байдаг. Ер нь нэг хүнээс айж бэргэж, намайг тэгээд хэлчин болов уу гэж санаа зовж явдаггүй.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд чинь өндөр амжилт хүсье6
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ