Хамгийн их орлоготой жүжигчдийн жагсаалтыг Двэйн Жонсон тэргүүлжээ
Бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн их орлоготой жүжигчдийн жагсаалтыг энэ удаа “Хад” хочит Двэйн Жонсон тэргүүлжээ.
47 настай Двэйн Жонсон сүүлийн 12 сарын дотор 89.4 сая ам.доллар цуглуулсан аж. Тэрээр тоглосон кино бүрээс 23.5 сая ам.доллар халаасалдгаас гадна “Жуманжи: Ширэнгэн ойд тавтай морил” (“Jumanji: Welcome to the Jungle”) киноны нийт орлогын 15 хувь, “НВО” кабелийн телевизийн “Хөлбөмбөгчид” (Ballers, с 2015) цуврал киноны анги болгоноос 700 мянган ам.доллар тус тус авдаг байна.
Жагсаалтын хоёрт 76.4 сая ам.долларын орлоготой Крис Хемсворт бичигджээ. Тэрээр дэлхийн кинотеатруудаас 2.796 тэрбум ам.доллар цуглуулан алдарт найруулагч Жеймс Камероны “Авата” (Avatar, 2009 - 2,7897 тэрбум ам.доллар)-ын дээд амжилтыг эвдсэн "Өшөө авагчид: Төгсгөл” (“Avengers: Endgame”) кинонд тоглосон юм. Жагсаалтын гуравт өмнөх жилийн адил бага Роберт Дауни (66 сая ам.доллар) оржээ.
Энэ гурвалын араас Энэтхэгийн Болливудын од Акшай Кумар (65 сая), Жеки Чан (58 сая), Брэдли Купер (57 сая), Адам Сэндлер (57 сая), Крис Эванс (43,5 сая), Пол Радд (41 сая), Вилл Смит (35 сая) нар бичигджээ.
Жагсаалтыг гаргахдаа “Forbes” сэтгүүл жүжигчдийн 2018 оны зургадугаар сарын 1-нээс 2019 оны зургадугаар сарын 1 хүртэлх орлогыг тооцсон байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ