Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос бестселлер роман болж хувирсан түүний “Хайрын түүх”
Америкийн зохиолч Эрик Сегалын 1970 оны шилдэг бестселлер ном “Хайрын түүх” анх удаа монгол хэлнээ орчуулагдан хэвлэгджээ. Зохиолч Эрик Сегал ба түүний номын тухай сэтгүүлч, орчуулагч Н.Баттүшиг ингэж өгүүлсэн байна.
Уран зохиолын бүтээлээс сэдэвлэн кино зохиол бичиж дэлгэцнээ амилуулсан тохиолдол олон.
Фрэнсис Форд Копполагийн найруулсан “Загалмайлсан эцэг” (Марио Пьюзогийн романаас сэдэвлэсэн), Виктор Флемингийн “Салхинаар одогсод” (Маргарет Митчелл), Сергей Бондарчукийн “Дайн ба энх” (Лев Толстой), Фрэнк Дарабонтын “Ногоон бээр” (Стивен Кинг), Акира Куросавагийн “Дерсу Узала” (Виктор Арсеньев), Жонатан Деммигийн “Хурга майлахгүй” (Томас Харрис), Сэм Тейлор-Жонсоны “Тавин янз саарал” (Э.Л.Жеймс), Баз Лурманы “Аугаа Гэтсби” (Фрэнсис Скотт Фицжералд), Энг Лигийн “Пигийн амьдрал” (Янн Мартелл) гээд үргэлжлүүлбэл уртаас урт жагсаалт гарна.
Харин эсрэгээр кино зохиолыг роман болгож ном хэвлэсэн тохиолдол хэд байдаг бол? Хуруу дарам цөөн. Юутай ч тэдгээрийн нэг шилдэг нь яалт ч үгүй Америкийн зохиолч Эрик Сегалын “Хайрын түүх”.
Харвардын их сургуулийг Эртний Ромын утга зохиол судлалын чиглэлээр төгссөн Эрик Сегал 1960-аад оны сүүлээр оюутан хосын романтик хэрнээ эмгэнэлт дурлалын тухай кино зохиол бичсэн боловч яаж ч хичээгээд кино студиудын сонирхлыг татаж чадаагүй аж.
Холливудын продюсерууд уламжлалт “Happy еnd” буюу “Амар сайхандаа жаргажээ” маягийн бус, маш эмгэнэлтэй төгсгөлөөс нь цэрвэж “Хайрын түүх” кино зохиолыг хүлээж аваагүй биз ээ.
Арга ч үгүй. Холливудад урьд нь бүтээсэн эмгэнэлт кинонуудын дийлэнх нь үзэгчдийн сонирхлыг олигтой таталгүй ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадаагүй байдаг.
Уг нь Эрик Сегал 1967 онд алдар цуу нь дэлхий даяар ид түгэж байсан “Битлз” хамтлагийн “Шар шумбагч онгоц” (“Yellow Submarine”) хүүхэлдэйн киноны зохиолыг бичиж, бас ч гэж шоу бизнесийнхний тодорхой хүрээнд танил болоод байсан юм.
Яах учраа мэдэхгүй явахад нь Вильям Моррисын утга зохиолын агентлагийн Луис Воллес гэгч түүнд кино зохиолоо роман болгож хэвлэхийг зөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ