500 настай аварга загас олджээ


Гринландад 500 орчим настай аварга загас олдсон тухай “The Sun” сонинд мэдээлжээ.

Эрдэмтэд гринландын туйлын гэх ангиллын эл аварга загас Их Британид VII Хенри, Орост Догшин Иван хааны аав III Василий тус тус хаанчилж байсан 1505 онд төрсөн болохыг тогтоожээ. Гринландын туйлын аварга загас жилд нэг сантиметрээр өсдөг ба чухам энэ үзүүлэлтээр насыг нь тогтоох боломжтой байдаг аж. Олдсон аварга загасны урт 5.4 метр юм байна.

            Профессор Ким Пребелийн хэлснээр, олдоод буй аварга загас манай гариг дээр амьдарч буй хамгийн урт настай сээр нуруутан ажээ. Эрдэмтэд түүний ДНХ-г судлан ингэж урт наслахад нь ямар ген нөлөөлснийг тогтоохыг эрмэлзэх болжээ.

Гринландын туйлын аварга загас хамгийн багадаа 272 насладаг ба аварга загаснуудаас хойд туйл руу хамгийн ойр амьдардаг хүйтэнд тэсвэртэй нэгэн гэнэ. Хамгийн том биетэй гринландын туйлын аварга загас 7.3 метр урт, 1.5 тонн жин татдаг ч дунджаар 2.44-4.8 метр урт, 400 хүртэл кг жинтэй байдаг аж.

Исландын үндэсний хоолонд гринландын туйлын аварга загасны махыг өргөн хэрэглэсээр өнөөг хүрчээ.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ