Дасгалжуулагч Сержио Бузато нүдээ онийлгон Өмнөд Солонгосын волейболчин бүсгүйчүүдийг доромжилжээ


Өмнөд Солонгосын волейболын холбоо Оросын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Италийн мэргэжилтэн Сержио Бузатог арьс өнгөөр ялгаварласан расист үйлдэл хийсэн хэмээн Олон улсын волейболын холбоо, Бүх Оросын волейболын холбоонд тус тус гомдол гаргах гэж буй тухай “Yonhap” агентлаг мэдээлж байна.

Энэ сарын 4-нд Оросын эмэгтэй волейболчид Өмнөд Солонгосын шигшээ багийг 3:2-оор арай гэж хожин Токиогийн олимпод оролцох эрх авсан билээ. Тоглолт дууссаны дараа Сержио Бузато Өмнөд Солонгосын шигшээ багийн зүг хараад нүдээ татаж онийлгон доромжлон инээжээ.

Өмнөд Солонгосын волейболын холбоо мэдэгдэл хийхдээ, “Олон улсын волейболын холбоо иймэрхүү зохисгүй үйлдлүүдийг шийтгэх нь зүйтэй. Цаашид ийм зүйл тохиолдохгүй байхад шаардлагатай арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ.

Н.Түвшин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ